Энтертайнмент
Токио 2020 зуны олимпын наадмын нээлт болох стадионд хүчингийн хэрэг гарчээ
Токио 2020 зуны олимпын наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг наадмын нээлт болох Үндэсний Стадионд хүчингийн хэрэг гарчээ.
Уг хэргийн сэжигтэн болох Узбекистанаас ирсэн 30 настай оюутан залууг Ням гарагт цагдаа нар баривчилсан байна.
Тэрбээр өнгөрсөн Баасан гарагийн орой стадионд нээлтийн бэлтгэлийг үзсэнийхээ дараа үзэгчдийн суудалд 20 гаруй насны япон эмэгтэйг хүчиндсэн гэнэ.
Сэжигтэн, хохирогч хоёр хоёул олимпын наадмын зохион байгуулалтад оролцож буй гэрээт ажилчид байжээ. Тэд стадионд өөр өөрийн ажлаа дуусгасны дараа үргэлжлүүлэн нээлтийн бэлтгэлийг үзэж сонирхсон юм байна.
Сэжигтэн эрэгтэй стадионд ажиллаж буй хэвлэл мэдээллийнхэнд хоол хүргэж иржээ.
Хохирогч эмэгтэй хэргийн талаар Бямба гарагт цагдаад мэдэгдсэн байна. Харин сэжигтэн өөрийгөө буруугүй, эмэгтэйг эсэргүүцэл үзүүлээгүй гэж цагдаад мэдүүлснийг NHK суваг мэдээлжээ.
Түүнийг 2014 онд Айчи мужийн нэгэн их сургуульд суралцахаар Японд ирсэн, одоогоор сургуулиасаа завсардаад байгааг Токио хотын цагдаагийн газар мэдээлсэн байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон Токио 2020 зуны олимпын наадам энэ долоо хоногийн Баасан гарагт эхлэх юм. Баасан гарагт 68,000 хүний суудалтай үндэсний стадионд болох нээлтийн ажиллагаа ганц ч үзэгчгүй зохион байгуулагдана.
Эх сурвалж: AFP