Улс төр
С.Баярцогт, Б.Ундармаа нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ
Улсын дээд шүүхэд өнөөдөр хэд хэдэн хурал товлогдсон байна. Тодруулбал,
УДШ С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцэнэ. Хуралдаан 09:00 цагт товлогджээ.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.
Улсын дээд шүүх энэ оны тавдугаар сарын 19-нд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Д.Ганболд нарыг 1.3 жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарын нэг жилээр хорихоор болсон билээ.
Түүнчлэн өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох 8 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.