Энтертайнмент
Дэлхийн хамгийн баян хүн сансарт нисэх боломж олгосон Амазоны ажилчид, хэрэглэгчдэд талархал илэрхийлжээ
Өчигдөр буюу Мягмар гарагт дэлхийн хамгийн баян хүн Жэф Безос сансарт нисээд амжилттай газардлаа.
Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан Blue Origin компанийн New Shepard хөлгөөр гурван хүний хамт сансрын уудмын захад хүрч, 11 минут саатаад буцсан юм.
Безостой хамт түүний төрсөн дүү Марк, 82 настай эмэгтэй нисгэгч Уолли Фанк, 18 настай Нидерландын иргэн Оливер Дамен нар нисчээ.
Долдугаар сарын 11-нд Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон мөн өөрийн байгуулсан Virgin Galactic компанийн хөлгөөр дэлхийн гадаргаас 80 гаруй километрын өндөрт хүрсэн юм. Харин Безосын баг 100 орчим километрын өндөрт хүрчээ.
Дэлхийн агаар мандал, сансрын уудам хоёрын хилийг Брэнсоны хүрсэн өндөрт байдаг гэж АНУ-ын судлаачид үздэг. Харин олон улсын сансар судлалын байгууллагууд Безосын хүрсэн өндөрт байдаг гэж үздэг байна.
Тэрбумтнуудын аль аль нь жингүйдлийг биеэр мэдэрч, дэлхийн бөмбөрцөг хэлбэрийг хөлгийнхөө цонхоор ажиглаж чадсан юм.
Сансраас буцаж ирснийхээ дараа Безос “Энэхүү нислэгийн зардлыг төлсөн Амазон компанийн бүх ажилчид, бүх үйлчлүүлэгчид баярлалаа. Та бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж байна” гэж хэлжээ.