Дэлхий

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Венди Рут Шерман амралтын өдрүүдэд Монгол Улсад айлчилна

Нийтэлсэн

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Венди Рут Шерман долдугаар сарын 18-25-ны хооронд Япон, БНСУ, Монгол Улсад айлчилж байгаа талаар тус улсын Төрийн департаментын албан ёсны хуудаст мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсад энэ амралтын өдрүүдэд саатах аж.

Хатагтай Венди Рут Шерман Япон улсад хийх айлчлалынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар албаны хүмүүстэй хэлэлцэх бол БНСУ-ын хувьд хоёр орны олон талт хамтын ажиллагаа, ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн асуудлуудыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Харин дараа нь Монгол Улсад айлчлалаа үргэлжлүүлэх нь. Энэ үеэр Стратегийн түншлэлээ бэхжүүлэх хүрээнд шашин шүтэх, итгэл үнэмшилтэй байх, уламжлалт соёлын өвөрмөц байдал, зан заншлаа хүндэтгэх гэгчлэн ардчилал, хүний ​​эрхийн үнэт зүйлсийн талаар албаны хүмүүстэй ярилцах тухай албан ёсны мэдээлэлд дурджээ.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Венди Рут Шерман энэхүү айлчлалынхаа үеэр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжиж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахиулах чиглэлээр холбоотнууд болон түншүүдтэйгээ АНУ хамтран ажиллах амлалтаа дахин баталгаажуулна гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Exit mobile version