Энтертайнмент

Т.Рэнцэнбадам: 1100 км бол эмэгтэй хүний хувьд хэт холын зайны дээд амжилт юм

Нийтэлсэн

Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч  Т.Рэнцэнбадам эх орныхоо өмнөд хилээс умард хил хүртэл гүйж цэргийн хүний тэвчээрийг, эмэгтэй хүний зоригийг харуулж яваа билээ. Үүдэн говийн дархан хилийг манаж яваа, үеийн олон бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болж байгаа түүнтэй ярилцлаа. Тэрбээр энэ сарын 30-нд нийслэлээр дайран өнгөрч Эмээлтийн орчимд буудалласан юм.


-Та сайн явж байна уу?

-Сайн явж байна. Дорноговь аймгийн Замын Үүдийн боомтоос гараад яг 30 хонож байна. Төв аймгийн Зуунмод хотоор дайран өнгөрөх үед аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд хурандаа Т.Төмөрчөдөр даргатай хамт олон, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүлэн үдэж өгсөн. Миний бие Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгаар дайран өнгөрлөө. Аймгуудын Цагдаагийн газрын тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Одоо Дархан-Уул, Сэлэнгэ аймгаа туулчихвал зорьсондоо хүрлээ дээ.

-Өнөөдрийн байдлаар хэдэн км замыг туулаад байна вэ?

-Өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар 705 км замыг туулжээ. Замын Үүдээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт хүртэл нийтдээ 1100 км туулах ёстой. Бараг ихэнх хувиа туулчихлаа. Бариандаа есдүгээр сарын 17-нд орохоор төлөвлөж байна. Энэ өдөр Хил хамгаалах ерөнхий газрын 88 жилийн түүхт ой тохиох юм. Ойдоо зориулж буй миний бэлэг юм даа. Хүн юугаараа баян түүгээрээ гэдэг шиг хилчин бидэнд эх орноо гэсэн үнэн халуун сэтгэл, шавхагдашгүй хүч, нөөц боломж бий шүү гэдгийг харуулах зорилготой энэ гүйлтийг эхлүүлсэн.

-Таныг гүйнэ гэхэд хүмүүс яаж хүлээж авсан бэ?

-Би гурван жилийн өмнөөс гүйх төлөвлөгөөгөө гаргачихсан байсан. Хагас жил бэлтгэл хийж байгаад гүйсэн. Ажлын хамт олон болон дарга нар сайхан хүлээж авсанд баяртай байна. Тэдний надад итгэсэн итгэл алтан шар замд минь ерөөл болж, алжаах үед минь түшиг болж байна даа. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 2127 км зам тууллаа шүү дээ. Тэрбээр 46 хоногийн турш тасралтгүй гүйж хэт холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоож чадсан нь маш бахархалтай үйл явдал болсон. Миний хувьд 48 хоногийн хугацаанд 1100 км гүйхээр төлөвлөсөн нь эмэгтэй хүний хувьд хэт холын зайны дээд амжилт болох юм.

-Таныг ямар баг бүрэлдэхүүн дагалдан явж байна вэ. Уух уснаас эхлээд зардал их гарна шүү дээ. Хамтран ажиллаж буй байгууллага бий юу?

-Надтай бүлгийн ахлагч жагсаалын дарга Н.Батжаргал явж байна. Бас миний төрсөн дүү жолооч, тогооч гээд арын албыг минь хариуцаж байгаа. Хил хамгаалах ерөнхий газрын дасгалжуулагч Ж.Даваасүрэн ирж намайг дасгалжуулж байдалтай танилцаж, зөвлөгөө өгөөд явдаг. Бид зардлаа 100 хувь өөрсдөө гаргаж байгаа. Хамтран ажиллаж буй байгууллага байхгүй ээ.

-Гүйж байхад хүндрэл бэрхшээл тулгарч байна уу?

-Хүндрэлтэй зүйл гарна аа. Цаасан дээр заасан графикийн дагуу л гүйж байна. Говьд хурц нартай, аагим халуун салхитай шүү дээ. Хангайд сэрүүхэн, бороотой, шавартай гээд орон нутгийн онцлог өөр, өөр  байдаг. Тэр бүрийд халахдаа халж, хөрөхдөө хөрж яваа. Гүйх цагийг хойшлуулж болохгүй. Бороотой ч гүйж л таарна. Тэгж гэмээн товлосон цагтаа хүрнэ шүү дээ.

-Өдөрт хэдэн км гүйж байна вэ?

-Өдөрт 30 км гүйж байгаа. Үдээс өмнө найман цагаас 10 цаг хүртэл 15 км гүйдэг. Ийнхүү гүйгээд гурваас дөрвөн цаг унтаж амарч байгаад үдээс хойш дахин хоёр цаг гүйж үлдсэн замаа туулдаг даа. Төлөвлөсөн цагтай, гүйх хэмжээтэй болохоор ядрах, цуцах зүйлгүй.

-Гүйж байхдаа өөртөө хэрхэн урам, хүч өгч байна вэ?

-Эх орныхоо урд хилийн сүлдэт баганаас хойд хилийн сүлдэт багана хүртэл гүйж хилчдийнхээ баяраар бариандаа орно доо гэж өөртөө урам хүч өгч байна. Зарим хүмүүс элдвээр гоочлон хэлэхэд нь сэтгэлд тавгүй санагддаг. Хүний бодоогүй зүйлийг хүний өмнөөс бодож чаддаг хүмүүс байх юм. Сэтгэл дотроо эмэгтэй хүний эх орон гэсэн омогшил, хүч тэвчээр зоригийг харуулах гэсэн ямар их гэгээн хүсэл тээж яваа билээ. Ямар ч үгэнд нугарч хугарахааргүй дайчин чанарыг цэргийн хүмүүжил олгодог болохоор тэр тусам нь илүү хүч ордог шүү.

-Таны биеийн байдал ямар байна вэ. Жин хэр хаяж байна вэ?

-Биеийн байдал хэвийн. Ямар нэгэн асуудал гарвал тухайн орон нутгийн ангийн удирдлагуудад танилцуулаад үзүүлж болно. Гэхдээ биеийн байдал маш сайн байна. Одоогийн байдлаар дөрвөн кг жин хассан. Анх гарахад 75 кг байсан.

-Таныг Төв аймагт гүйж байхад ар гэрийнхэн тань зам тосон хүлээж авсан. Хүү нь ээждээ юу гэж хэлсэн бэ?

-Маш их огшсон. Манай гэрийнхэн бүлгийн даргатай сэмхэн ярилцаад замыг минь тосон хүлээсэн юм билээ. Гэнэтийн бэлэг байж чадсан шүү. Хүү маань “Миний ээж хамгийн мундаг нь” гэж хэлсэн. Миний хүү хоёрдугаар ангийн сурагч. Ээжийгээ их санасан гэсэн. Нөхөр маань хувиараа ажил хийдэг залуу бий. Хань маань “Зорьсондоо хүрээрэй” гэж захисан.

-Замд тань нутгийн хүмүүс тосож, баяр хүргэж байна уу?

-Тийм ээ. Зөндөө хүн баяр хүргэсэн. Халуун цай, хоол, гарын бэлэг, аян замын ерөөлөө хайрлаад угтаж, үдэж буй зон олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

-Та өөрөө аль нутгийн хүн бэ. Хаана, хаана алба хааж байв даа?

-Би Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул. Налайх дүүрэг дэх хилийн цэргийн 303 дугаар ангид, Дорноговь аймаг дахь хилийн цэргийн 0129 дүгээр ангид тус тус алба хааж байсан. Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0108 дугаар ангидаа ороод гурван жил болж байна. Би камерын хянагчаар ажилладаг. Хил зөрчих гэсэн олон зөрчлийг илрүүлж байлаа.

-Ер нь яагаад хилийн цэргийн хүн болохоор шийдсэн бэ?

-Ах маань зэвсэгт хүчний байгууллагад дэслэгч цолтой ажиллаж байсан. Ахаасаа үлгэр дуурайл авч багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдөж эхэлсэн дээ. Энэ мөрөөдлөө биелүүлж, эх орныхоо торгон хилийг манаж байгаадаа бахархдаг. Цэргийн хүн ямагт  чигч шугамтай, цэгц бодолтой, цэх алхаатай, цэмбэгэр биеэ авч явдаг. Энгийн хүн сурмаар давуу чанарууд олон бий шүү. Сүүлийн үед цэрэг армийнхан гадаад хэлийг төгс эзэмшиж, энхийг сахиулах ажиллагаанд хариуцлага өндөр явж тив дэлхийд эх орныхоо нэрийг өргөж яваад бахархаж явдаг.

-Эмэгтэй хүн цэрэг армийн салбарт ажиллах, тэр тусмаа хил дээр алба хаах ямар байдаг вэ. Хааяа найз нөхөд, нутаг усаа санах үе бий биз?

-Санана аа. Гэр орноо, найз нөхдөө үгүйлэх үе байна. Гэхдээ бидэнд уйтгарлан сууж, гиюүрэн гансрах цаг зав ховор доо. Цаг хором бүрийд анхаарал сэрэмж алдахгүй ажиллах үүрэгтэй хүмүүс. Нэгэнт тангараг өргөсөн цэргийн хүн учраас хаа томилно тийшээ явж ажиллах үүрэгтэй. Тэрхүү үүргээ нэр төртэй биелүүлж явах учиртай.

-Дархан хил дээр үүр хаяарч нар мандаж буй агшинд танд юу бодогддог вэ?

-Наран ургах зүгээс жаргах хүртэл эх орон минь яг л энэ нар шиг энх тунх, амар амгалан, дүүрэн жаргалтай, энх тайван байна гэж боддог.  Мэдээж эх орноо хамгаалж байгаа гэж бодохоор омогшоод ирдэг дээ.

-Эх орон гэдэг таны бодлоор юу вэ?

-Эх орон надаас эхэлнэ. Би л зөв явах ёстой гэж боддог.

-Таны хобби юу вэ?

-Би волейбол тоглох дуртай. Волейболын спортын мастер зэрэгтэй.

-Эмэгтэй хүний арьс нар салхинд гандах гундах гээд хэцүү шүү дээ. Олон өдөр хээр гадаа гүйж явахдаа гоо сайхнаа хэр хамгаалж байна вэ?

-Байгаль өөрөө миний энгэсэг юм гээд л явж байна даа /инээв/. Эхэндээ нүүрээ хамгаалж нарны тос түрхээд чухам байсан. Гүйхээр нарны тос нь хөлстэй урсаад нүд рүү орж хорсгоод байхаар нь түрхэхээ ч байсан.

-Таны аян зам өлзийтэй, байгаль хангай тогтуун сайхан байх болтугай. Эх орныхоо умард хилийн сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлэх торгон мөчид эргэн уулзъя.

-Баярлалаа. Миний Монголын ард түмэн элгэн халуун сэтгэлтэй сайхан хүмүүс юм гэдгийг өдөр бүр л ойлгож мэдэрч явна. Дархан хил дээр зогсож буй хилчин бүхний зүрхэнд эх орон нь оршдог юм шүү.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version