Covid-19

Коронавирусний хамгийн их мутацлагдсан хувилбар улс орнуудад тархаж эхэлжээ

Нийтэлсэн

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд тус улсад КОВИД-19-ийн хамгийн их мутацлагдсан хувилбар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Урьдчилсан судалгааны тайланд дурдсанаар “C.1.2” гэх уг вариант нь хамгийн анх энэ оны тавдугаар сард илэрсэн бөгөөд дэлхийн хэд хэдэн улсад бүртгэгдээд байгаа аж. Уг хувилбар нь энэ оны нэгдүгээр сард анх илэрсэн “C.1” мутацаас гаралтай бөгөөд вирусийн мутац хуваагдал маш хурдацтай явагдаж, хамгийн их өөрчлөгдсөн омог аж.

Түүнчлэн “C.1.2” вариант нь Хятадын Уханьд бүртгэгдсэн “SARS-CoV-2” вирусийн анхны хувилбараас одоогийн байдлаар хамгийн холдсон буюу олон удаа мутацлагдсан хувилбарт тооцогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хувилбар нь ДЭМБ-ын зайлшгүй анхаарах шаардлагатай вирусийн мутацын жагсаалтад багтсан Альфа, Бета, Гамма, Дельта болон анхаарах шаардлагатай Эта, Иота, Каппа, Ламбда хувилбаруудаас илүү мутацлагдсан байна.

Хамгийн гол нь “C.1.2” вариант нь хамгийн өндөр халдварлах чадвартай Альфа, Гамма болон Дельта хувилбаруудад ажиглагдсан халдварлах чадварыг нэмэгдүүлж, саармагжуулагч эсрэг биеэс зугтах (R190S, D215G, N484K, N501Y, H655Y, T859N, Y144del, L242-A243del) нуклеотидын өөрчлөлтүүдийг агуулж байгаа аж.

Судалгааны тайланд “C.1.2” хувилбарын дарааллын талаас илүү хувь нь 14 мутацтай боловч зарим дараалалд мутацын хөгжил үргэлжилсээр байгааг харуулж байна гэжээ. Мөн “C.1.2” мутац болон нэмэлт өөрчлөлтүүд нь Альфа болон Бета хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст бий болсон эсрэг бие, дархлааны хариу урвалаас зайлсхийх чадвартай ажээ. Тиймээс мэргэжилтнүүд энэхүү хувилбар нь илүү хурдан халдварлах чадвартай, вакцины үр нөлөөг бууруулдаг байж болзошгүй гэж таамаглаж байгаа аж.

Эрдэмтэд цаашид “C.1.2” хувилбарыг нарийвчлан судлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Дельта хувилбараас ч илүү аюултай байж болзошгүй гэж үзэж байна.

ӨАБУД-д хийсэн судалгаагаар тавдугаар сард авсан нийт шинжилгээний сорьцын ердөө 0.2 хувьд “C.1.2” вариант илэрч байсан бол зургаадугаар сард энэ тоо 1.6 хувь, долоодугаар сард хоёр хувь болж өссөн нь тархалтын хурдны хувьд Бета болон Дельта хувилбаруудтай ижил үзүүлэлт юм. Анх Өмнөд Африкт илэрч байсан тус хувилбар Англи, Хятад, Конго, Мауритиус, Шинэ Зеланд, Португаль, Швейцар, Турк зэрэг улсуудад мөн илэрсэн байна.

Доктор Лутфи Чамли Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхдээ тус улсад  коронавирусийн яг ямар ямар хувилбар байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор туршилт хийж байхдаа “C.1.2”  вариантыг илрүүлсэн гэжээ.

Судалгаагаар коронавирусний нийт тохиолдол дунд тус мутацид орсон хувилбар илрэх нь 0.2 хувиас хоёр хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн тус хувилбарын генд N440K, Y449H гэх эсрэг биетэд тэсвэртэй мутацууд агуулагдаж байгаа нь эрдэмтэн, судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Улмаар шинжээчид тухайн хувилбарыг лавшруулан судлах хэрэгтэй байгааг илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version