Нийгэм

Шүүхийн захиргаан ажилтан бэлтгэх сургалт эхэллээ

Нийтэлсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 26 дугаар тушаалаар батлагдсан Шүүхийн сургалтын 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт  цахимаар эхэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх зорилгоор “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2016 оноос эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтанд хууль зүйн их, дээд сургууль төгссөн 88 эрх зүйч хамрагдаж байна.

Сургалт 80 цаг цахим хэлбэрээр, 240 цаг шүүх дэх дадлагаас бүрдэж байгаа бөгөөд нийт 45 хоног үргэлжилнэ.

Тус сургалтаар оролцогчид шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газрын удирдлага, зохион байгуулалт, шүүхийн үйлчилгээ, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн ажилтны сэтгэл зүйн онцлог, шүүхийн мэдээллийн технологи, шүүхийн албан хэрэг хөтлөлт, архив, шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаа, шүүхийн нууц, шүүхийн аюулгүй байдал зэрэг сэдвээр суурь мэдлэг эзэмшинэ. Мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн, стандарт, хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем, шүүхэд хэрэг нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа, хавтаст хэргийн хөтлөлт, хадгалалт, ашиглалт, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах, шүүхийн актын төсөл боловсруулах, хэргийн оролцогчид эрх, үүрэг танилцуулах, нотлох баримт, эд мөрийн баримт хадгалах, хамгаалах нь зэрэг сэдвээр кейс, дадлагад суурилсан мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

Цахим сургалтын дараа оролцогчид анхан шатны эрүү, иргэн, захиргааны шүүхүүдэд тус бүр 14 хоног дадлага хийж, нийт 6 долоо хоногийн турш практик мэдлэг, ур чадварт суралцах юм. Сургалтыг Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг нээж, сургалтын зорилго, агуулга, онцлог, ач холбогдлыг  онцлон дурьдаад, сургагч багш нарт талархал илэрхийлж, оролцогчдод амжилт хүсэв.

Сургалтанд амжилттай суралцсан эрх зүйчдэд “Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн хугацаанд тус сургалтаар нийт 200 гаруй оролцогчийг хамруулаад байна гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Exit mobile version