Дэлхий
В.Путин тамирчдад Найрамдлын одон, А.Невскийн одон, Эх орны төлөө одон медаль гардууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 11-нд Токиогийн олимпоос медаль хүртсэн тамирчидтай Кремлид уулзлаа. Ерөнхийлөгчтэй уулзах тамирчид, дасгалжуулагч нар найм хоногийн карантинд суусныхаа дараа түүнтэй уулзсан. ОХУ-ын тамирчид Токиод 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн нь Рио, Лондонгийн олимпоос илүү амжилт байв.
В.Путин тамирчдад Найрамдлын одон, А.Невскийн одон, Эх орны төлөө одон медаль гардууллаа. Энэ үеэр тэрээр Токиод шүүгч нар орос тамирчдын эсрэг ажиллаж байсныг дурдсан. Үүнийхээ илрэл болгож уран сайхны гимнастикийн мөнгөн медальт Дина Аверинад алтан медальтанд олгох BMW X5 машин, шагналт байрт шалгарсан Арина Аверинад медальтны BMW X3 машин бэлэглэсэн юм.
Тамирчид ч Ерөнхийлөгчөө тэнгэрт тултал магтлаа. Олимпын хошой аварга Садулаев Токиод олимпын алтан медаль зүүж байсан мөчөө Аугаа их Эх орны дайны Ялалтын баярын жагсаалд оролцож байгаатай зүйрлэсэн бол уран сайхны сэлэлтийн Влада Чигирёва “Та бол Юрий Гагарин. Гагарин бидэнд сансрыг нээж өгсөн бол та манай оронд спортыг нээж өглөө. Тан шиг спортын төлөө зүтгэдэг хүн байхгүй” гэж хэлсэн байна.
Ёслолын дараа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев медальтнуудад машин гардуулав. Олимпын аваргууд BMW X5, мөнгө, хүрэл медальт тамирчид BMW X3 машин авсан. Энэ өдөр нийт 77 машин бэлэглэсэн бөгөөд дугаарын оронд тамирчдын нэрийг бичсэн байв.