Эдийн засаг

Б.Жавхлан: Ирэх оны төсвийн төсөл нэлээд амбицтай, хатуу зорилготой

Нийтэлсэн

“Хуулийнхаа цагалбарын дагуу Засгийн газар өнөөдөр 2022 оныхоо төсвийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш морин цагт амжиж, төсвийн төслөө өргөн барихаар болсон. Ирэх оны төсвийн онцлог бол 2019 оноос хойш үргэлжилж байгаа эдийн засгийн цохилт, уналтыг тогтворжуулах, улмаар дунд, урт хугацаанд тогтвортой хөгжлийн суурийг баттай бий болгохыг зорьсон, нэлээн амбицтай, хатуу зорилго тавьсан төсөв боллоо гэж үзэж байгаа.

Ирэх онд бид хөгжлийн төсөв хийж байгаа. Бидэнд маш олон том сорилтууд байна. Дэлхий нийтээрээ цар тахлын үеийн хүнд эдийн засгийг туулж байна. Ирэх онд харьцангуй бүх нийтээрээ эдийн засгийн тэлэлттэй жилийг хүлээж байна. Бид дэлхийн том эдийн засгийн интеграцичлалд байдгийн хувьд эдийн засгийн өсөлтөө хангахад бэлэн байх, төсвийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд бэлэн байх ёстой.

Найман чиглэлийн хүрээнд  ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ гэсэн уриатай төсвийн шинэчлэлтүүдийг хийх зорилт тавьж байгаа. Үүнд,

Нэгдүгээрт, Хөгжлийн төслүүдийг эхлүүлэх, хүртээмжтэй өсөлтүүдийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгаа сэргээнэ.

Хоёрдугаарт, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэлт хийнэ.

Гуравдугаарт, Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай Монгол хүүхэд, баялагтаа эзэн Монгол хүнийг бий болгоно.

Дөрөвдүгээрт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг цаашид үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тавдугаарт, Хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж, стандарт, чанар өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжиж, төрийн албаны бүтцийг шинэчлэнэ.

Зургаадугаарт, Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна. Төр хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлж, зардлыг оновчтой байдлаар дахин хуваарилж, төрийн үйлчилгээг цахимжуулна.

Долоодугаарт, Дэд бүтцийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байна.

Наймдугаарт, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад ирэх дөрвөн жил онцгой анхаарч ажиллана гэсэн найман чиглэлд голлон анхаарч төсвийн төслөө боловсрууллаа гэв.

Exit mobile version