Дэлхий

Британийн нэг иргэн хэрхэн 11 хүнд коронавирус халдаасан түүх

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн голомт болсон Ухань хотод хөл тавьж байгаагүй Британийн иргэн эрэгтэй хамгийн багадаа 11 хүнд үхлийн аюултай вирусыг халдаажээ.

Түүний вирус тараасан аяллын түүхээс өнөөдөр дэлхий нийтийг сандаргаж буй коронавирус ямар аюултайг мэдэж болохоор байна.

Нэрийг нь нууцалж байгаа эрэгтэй анх нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сингапурт болсон бизнесийн хуралд оролцжээ.

Тус хуралд 100 гаруй төлөөлөгч оролцсоны дотор Хубэй мужаас ирсэн нэг Хятад хүн байсан гэнэ. Энэ хурлын дараа Британийн иргэн Франц улс руу нисэж, нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд Альпийн нуруунд цанаар гулгажээ.

Тэнд байхдаа тэр Британийн хэсэг иргэдтэй хамт амралтын нэг байранд байсан гэнэ. Урт аяллын дараа Британийн өмнөд хэсэг дэх гэртээ харьсан эрэгтэйгээс коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар халдвар авсан нь тогтоогдож, хоёрдугаар сарын 6-нд Лондоны эмнэлэгт хүргэгджээ.

Францын цанын баазад түүнтэй хамт нэг байранд байсан таван хүн халдвар авсныг Британийн эрүүл мэндийн яам сүүлд зарласан байна.

Үүнээс гадна цанын баазад нэг байранд хамт байсан Британийн өөр таван иргэнээс коронавирусийн халдвар илэрснийг Францын эрүүл мэндийн сайд Агнес Бузин хоёрдугаар сарын 8-ны өдөр мэдэгджээ.

Францын цанын баазаас Испанийн Маллорка арал дахь гэртээ буцаж ирсэн нэг хүнээс бас корoнавирусийн халдвар илэрсэн байна.

Халдвар тараагч Британийн иргэнтэй харьцсан байж болзошгүй бусад хүмүүсийг мөрдөж шалгасан ч одоогоор нэмж илрээгүй байгаа гэнэ. Ингэхдээ түүнтэй хамт нэг онгоцоор ниссэн зорчигчид, Францын цанын баазын өөр байранд байсан амрагчдын мөрөөр шалгасан байна.

Сүүлийн байдлаар 1,000 орчим хүний аминд хүрээд байгаа шинэ коронавирусийн тархах чадвар маш өндөр болох нь эндээс харагдаж байна.

 

Эх сурвалж: AFP

 

Exit mobile version