Эдийн засаг
Репо арилжаагаар банкуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо
Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 4 дүгээр улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Төв банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 4 банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.
Уг санхүүжилтээр банкууд 1) жижиг, дунд үйлдвэрлэл, 2) уул уурхайн бус экспорт, 3) үйлчилгээ, 4) боловсруулах үйлдвэрлэл, 5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.
Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд хандаж авах боломжтой.
Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.