CRI Монгол радио

Өндөр настайчуудын өдрийн асрамжийн төв

Нийтэлсэн

Шиньжяны Баянгол Монгол үндэстний өөртөө засах жөүгийн төв Корол хотод Хэбэй мужийн тусламжийн төслөөр байгуулсан ахмад настайчуудын өдрийн асрамжийн төв байдаг. 11.6 сая юанийн хөрөнгө оруулж байгуулсан хоёр давхар байшинтай тус төвийг 2020 оны 1-р сард ашиглалтад оруулжээ. Өндөр настайчуудын асрамжийн төвд эмчилгээний өрөө, номын сан, уран зургийн өрөө, цэнгүүний газар, сувилах өрөө, эмийн тасаг, алсын дуудлагын индэр зэргийн цогцолборыг бүрдүүлжээ. Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Саратуяа, Болон нарын Шиньжянаас ирүүлсэн мэдээллийн хүргэе.

Ахмад настайчуудын өдрийн асрамжийн төвд гол нь өдрийн асрамж, богино хугацааны асрамжийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үр хүүхэдгүй ганц бие, засгийн газрын тэтгэмж хүртдэг өндөр настайчууд энд сууж байдаг.

Ахмад настайчуудын өдрийн асрамжийн төвийн соёлын өрөө, цэнгүүний үйл ажиллагаа нь өндөр настайчуудад уулзаж учран, хуучаа дурсан хөөрөлдөх, ур чадвараа дээшлүүлэх нандин боломжийг өгч байдаг. Тэтгэвэртээ гарсан настан Шяо Линьжы энэ жил 69 настай. Асрамжийн төвд зураг зурж байсан тэрээр сэтгэгдлээ хуваалцлаа:“Би өдөр бүр ирдэг, энд хөдөлгөөн хийх газартай нь надад таалагдлаа, манайх энэ ойрхон замын цаана хороололд суудаг. Энэ төвийг байгуулаад жил гаруй болж байгаа, ойрхон учраас би ирж үзсэн юм, намайг өдөртөө ирж болно гэж зөвшөөрсөн учраас би ирж дуу дуулна, хөзөр тоглоно, зураг зурна, ганцаараа гэртээ бол унтаад байдаг, удаандаа биед муу, энд болохоор олуулаа яриа хөөрөөтэй, олон сайн талтай.”

Өндөр настайчуудын эрэлт хэрэгцээний дагуу гэрт нь очиж үйлчилгээ хангадаг бөгөөд ганц бие юм уу засгийн газрын тэтгэмж хүртдэг зарим настайчууд энд хонодог. Хүүхдүүд нь өдөртөө ажил албатай зэрэг тохиолдолд шаардлагатай настайчууд өдөртөө энэ төвд ирж, өдөр тутмын асрамжаар үйлчлүүлдэг.

Асрамжийн төлд эрүүл мэндийн зөвлөгөө авч эмчлүүлэх, төлбөрөө төлөөд өдрийн хоол идэж болох нь хүмүүсийн талархлыг хүлээж байна. Хятадын уламжлалт анагаахын эмч Жао Лян Хэбэй мужиас 2009 онд Королд ирж ажилласан бөгөөд асрамжийн төвд ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрээр хэлэхдээ:“Энд ажиллахад нэлээд дөхөм, зарим ахмад настантай хэл нэвтрэхгүй үед нутгийн орчуулагч байгаа. Ихэнх нь хятад хэлтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт анагаахыг тэд сайн мэдэж ойлгодог бөгөөд уламжлалт эмчилгээнд сонирхолтой. Гол нь зүү төөнүүр, иллэг, агиар утах зэрэг засал хийдэг. Тан эм уух шаардлагатай үед би хөлгийг нь өгөөд тэд өөрөө эмээ авч гэртээ чанаж уудаг, манай энд бас чанах эсвэл дэвтээлэг засал хийж болно. Настайчууд маань надад их сайн байдагт нь баяртай байгаа.”

Өндөр настайчуудын сэтгэлийг сэргээх, амьдралд нь туслах чиглэлээр сайн дурынхан байнга асрамжийн төвд ирж ажилладаг. Тэд чөлөө заваараа энд ирж ахмад настуудтай хууч хөөрөн, сэтгэлийг нь тайвшруулж байдаг.

Тус төв нь өдрийн асрамжийн төв төдийгүй Корол хотын өндөр настайчуудад ухаалаг үйлчилгээ хангах төвийн үүрэг гүйцэтгэдэг юм. Өндөр настайчуудын мэдээллийг бүгдийг уялдуулан нэгтгэж, ухаалаг үйлчилгээний индрийг ашиглан, дуудлагын үйлчилгээ, вебсайт, “Нэг даруулаар нэвтрэх” ухаалаг APP, алсын эрүүл мэндийн үйлчилгээний индрийг ашиглан, ахмад настайчуудад түргэн үйлчилгээ, өдөр тутмын асрамж, гэр ахуйн цэвэрлэгээ, хуулийн зөвлөгөө, сэтгэц зүйн талаар тайтгаруулах зэрэг үйлчилгээг хангадаг. Өдгөө гэртээ үйлчлүүлэх шаардлагатай 16514 ахмад настайчуудыг цахимаар бүртгэсэн бөгөөд 8455 удаа гэрт нь хүрч, амьдрал ахуй эрүүл мэндийн талын шаардлагатай үйлчилгээгээр хангасан байна.

Exit mobile version