Засгийн газар
СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
- Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 6, 7, 10-ны өдрүүдэд 15 сумын өнгөрсөн оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, үр дүнг үнэлсэн юм.
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн болон харьяа хэлтсийн дарга нар сумдын удирдлагуудад 2020 онд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөмж өглөө. Мөн сумдын орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах, жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд бэлтгэх тухай асуудлуудаар ярилцлага зохион байгуулсан аж.
- Тус ажлын хүрээнд сумдын Засаг дарга нар 2019 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, мөн аймгийн Засаг даргатай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Энэхүү гэрээ нь Монгол улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг сумдын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилготой юм.
- Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө шат шатны төвшинд төрийн бодлогыг хэрэгжүүлэн, үр дүнтэй ажиллаж, хамтын ажиллагааны гэрээний заалтыг 100 хувь хэрэгжүүлж ажиллахыг үүрэг, чиглэл болголоо. Мөн төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд аж үйлдвэрүүдийг байгуулах зэрэг асуудлыг хамтран шийдвэрлэхээ онцлов.