Нийгэм

Монгол Улс туурга тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд тунхаглан зарласны 60 жилийн түүхт ой болж байна

Нийтэлсэн

Элэг нэгт монголчууд та бүхэндээ Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй их гарз хохирол учруулж олон сая хүний эрдэнэт амийг хөнөөсөн Дэлхийн II дайны өтгөн манан бүрэн арилж амжаагүй байхад дайны хөлд нэрвэгдсэн улс орнууд ашид мөнхийн энх тайвныг эрэлхийлж, гамшигт аюулыг дахин давтахгүйн төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллагыг 1945 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмхлэн байгуулж байсан.

Хэдийгээр дэлхийн улс орнууд түүх соёл, зан заншил, улс төр-эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн түвшний хувьд ихээхэн ялгаатай ч хүн төрөлхтөн бол нэгэн айл гэр гэдгийг НҮБ илтгэн харуулж байдаг. Монгол Улс энэ өнөр өтгөн айлын 101 дэх гишүүнээр элсэн орж, бүрэн эрхт, туурга тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд тунхаглан зарласны 60 жилийн түүхт ой нь Монголчууд бидний хувьд бахархалт өдөр мөн.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь том, жижиг, хөгжингүй, хөгжиж буй гэлтгүй бүх улс тэгш эрх, ижил оролцоотой байх суурь зарчим дээр үндэслэн байгуулагдсан билээ. Иймд далайд гарцгүй, хүн ам цөөнтэй, хөгжиж буй манай орны хувьд тус байгууллагын гишүүнээр элссэнээр бусад улс оронтой ижил эрх, тэнцүү үүрэг хүлээж, дэлхийн тавцанаа нийт хүн төрөлхтний сайн сайхан, энх тайвны төлөө дуу хоолой, байр сууриа илэрхийлэх боломжтой болсон.

Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоон, олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Энэ боломжийг өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улс бүрэн ашиглаж НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг үнэнчээр даган мөрдөж, тус байгууллагын үйл ажиллагааны тулгын 3 чулуу болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоон, олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Энэ завшааныг ашиглан НҮБ-ын системийн байгууллагуудын тусламж, дэмжлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэе.

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогынхоо хүрээнд 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, цаашлаад төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-тай нягт хамтран ажиллах болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

Exit mobile version