Улс төр

Л.Энх-Амгалан: Байгалийн ухаан, компьютерийн лабораторгүй байхад боловсролын тэгш боломж ярих утгагүй

Нийтэлсэн

Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Хувьсах зардал нь яг тухайн хүүхдэдээ, багшдаа, сургуульдаа очдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар бид байгууллагын урсгал зардлыг санхүүжүүлсээр ирсэн тогтолцоо байгаад байна. Бүх сургууль байгалийн ухаан, компьютерийн лабораторгүй, ижил түвшний гараан дээр аваачаагүй байхад боловсролын тэгш боломж ярих утгагүй. Боловсролын амин сүнс нь хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгая гэдэгт л байгаа юм. Хүүхэд бүрд чанартай тэгш боловсрол олгох ёстой. Улсын 670 гаруй сургуулиас 100 орчим нь л байгалийн ухааны лабораторитой байна. Тиймээс яамнаас ажлын хэсэг гаргаад байгалийн ухааны хичээл, лабораторид шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Ирэх оны улсын төсвийн 10 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн сургуулиудад байгалийн ухааны лабораторитой болгоход зарцуулах бодлого барина.

Хүүхдийн хувьсах зардлыг сургуулийн хэв шинж, бүлэг дүүргэлт, ээлжийн коэффициент гэх мэт гол үзүүлэлтүүдэд ойртуулсан санхүүжилтийн тогтолцоотой болгох хэрэгтэй юм. 2022 оны төсвөөр тэр чигээр нь боловсролын шинэчлэлийг хийчих мэт нийгэмд хүлээлт үүсгэж болохгүй. Энэ бол шинэчлэлт хийх эхлэл юм шүү” гэсэн юм.

Exit mobile version