Дэлхий

Францын ерөнхийлөгч Австралийн ерөнхий сайдыг худлаа ярьсан гэж буруутгав

Нийтэлсэн

Ром хотноо Их 20-ын чуулга уулзалтад оролцож буй Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр Австралийн сэтгүүлчидтэй уулзаж, хоёр улсын хооронд үүссэн маргааны талаар асуултад хариулжээ.

Австралийн засгийн газар 2016 онд Франц улсаас дизель хөдөлгүүртэй шумбагч хөлгүүд худалдаж авах олон тэрбумын гэрээ байгуулаад байсан юм. Гэтэл саяхан Австралийн засгийн газар АНУ, Их Британитай батлан хамгаалах салбарт хамтарч ажиллах Aukus нэртэй гэрээг байгуулахдаа Францын талтай байгуулсан гэрээгээ цуцалж, оронд нь АНУ-ын тусламжтай цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцтой болох гэнэтийн шийдвэрээ зарласан юм.

Энэ явдлын дараа Францын засгийн газар Вашингтон, Канберра дахь элчин сайд нараа Парист дуудаж, “холбоотныхоо ар нуруунд хутга шаалаа” хэмээн гэрээ байгуулагч талуудыг буруутгаж байв.

Макрон өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Австрали улс, Австралийн ард түмэнд хүндэтгэлтэй ханддагаа хэлээд гэхдээ энэ хүндэтгэл, итгэлцэл хоёр улсын хооронд харилцан ижил түвшинд байх ёстойг илэрхийлсэн байна.

Өмнө нь Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон түүнд АНУ, Их Британитай шумбагч хөлөг авахаар ярилцаж байгаагаа хэлсэн эсэхийг асуухад Макрон “Үгүй” гэж шууд хариулжээ.

Харин дараа нь Австралийн ерөнхий сайд сэтгүүлчидтэй тусдаа уулзахдаа Макроноос гэрээг нууж байснаа үгүйсгэсэн байна.

Тэрбээр энэ онд болсон Их Долоогийн уулзалтын үеэр Макронтой Парист уулзахдаа Австралид уламжлалт дизель хөдөлгүүртэй биш, цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоцнууд хэрэгтэй байгааг дуулгаж байснаа хэлсэн гэжээ.

Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мөн Ром хотод Макронтой уулзахдаа шумбагч хөлөг онгоцны асуудал дээр бүдүүлэг зан гаргаснаа хүлээн зөвшөөрч, шинэ гэрээний талаар Францын тал мэдэж байгаа гэсэн ойлголттой байснаа илэрхийлсэн юм.

Их 20-ын уулзалтын үеэр Эммануэл Макрон дэлхийн олон орны удирдагчидтай уулзсан ч Австралийн ерөнхий сайдтай уулзаагүй өнгөрсөн байна. Өнөөдөр Шотландын Глазгоу хотод эхлэх НҮБ-ын уур амьсгалын чуулганд тэд бас оролцох юм.

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version