Эдийн засаг

Монголын Оюутолгой оффшорт орчихсон уу аль эсвэл амтлаж чадаагүй ууц уу

Нийтэлсэн

Бас “Баялагтаа эзэн Монгол” ч гэж байгаа. Энэ хэдэн үг бол Оюутолгой түүнтэй адилтгах ашигт малтмалын тухай ярианы оргил нь. Аль нь үнэн, аль нь худал нь мэ­дэгдэхгүй эх захгүй мэдээллийн учиг гэхэд хилсдэхгүй л болов уу. Үүн дээр нэг хачир нэмэхэд Оюутолгой оффшорт орчихсон ч гэдэг.

Яг л дээр үед малын тооллогонд явж байсан хэдэн нөхдийн паян шиг л юм даа. Буруу хойшоо гэж. Тэр паянг энд  нэг дурдъя гэж бодлоо.    Дээр үед арай л биш. Одоо цагаас өмнөхөн говийн нэгэн аймгийн суманд мал тооллогын үеэр гарсан будлианыг өгүүлж орчин цагтай холбох л гэсэн юм. Мал тооллогын үеэр говийн нэгэн аймагт буюу Дорноговь аймгийн Хатанбулаг суманд болсон явдал гэж байгаа. Тэр үед захиргаадлын буюу социалист нийгмийн үе. Коммунизмд юу юу орох дээрээ тулсан цагт гэнэ лээ. Улсын мал тооллогын үеэр хэсэг нөхөд сумынхаа гайгүй чамбай ажилсаг, аймаг орон нутагтаа тэргүүний малчин айлд хоног төөрөөлж малыг нь тоолхоор очиж л дээ. Тэгээд малын тоо толгойг нэг бүрчлэн тооцоод А данс гаргатал тэр малчин өрхөөс гурван хурга дутаж гэнэ. Бодоод бодоод бодын шийр дөрөв гээч болтол “Өө гэрийн гадаах шээзгийнд хэнз гурван хурга бий. Тэр ороогүй юм байна” гэсэн асуудал гарч гэнэ. Тэгээд өвөлжөөнд буусан айлын дулаан, идэж уусан буузны амттай, халаасан нэрмэлийн охьд жаргасан мал тооллогын нөхдүүд дансаа битүүлж тооцоо нийлжээ. Тэр далимдаа багаасаа мал дагаж сургууль завсардсан, өнгөт орчлонгийн үүдийг нээж үзээгүй үстэй дээлтэй, үнэгэн лоовуузтай нэгэн залуу  үүдэнд сууж байхыг хараад “Алив чи гараад гэрийн зүүн хаяанд байгаа арагтай хургийг тоолоод ир” гэсэн гэдэг. Нэгэнт ажил дуусч амралт эдлэсэн нөхөд жаахан наргиж хөзөр даалуу эргүүлсэн л байх. Гэтэл нөгөө арагтай гурван хурга тоолох гэж гарсан залуу  бөөн цан хүүрэг болсон амьтан орж иржээ. Гэтэл хамаг ажлаа амжуулаад хачин сайхан сууж байсан нөхөд “Чи чинь юу болчив. Нөгөө хэдэн хурагаа тооолов уу” гэж асуусан гэдэг. Мань эр хариуд нь “Бужигнаж давхиад учир нь олдохгүй нь” гэсэн гэдэг. Энэ явдал үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л би сонсож явсан түүхээ энд сийрүүлэв. Яг өнөөдөр Монголд бужигнаж давхиад юм уу, бусармаг явдлаас ч юм уу учир нь олдохгүй явдал Оюу толгойн гэрээг тойроод болоод байх шиг санагдлаа.

Ингээд Оюутолгойн учиг заниглааг энд тайлах гэж оролдсонгүй.  Зарим  хүний хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

-Оюу толгойн хэлэлцээр үргэлжилж байна. Энэ  орд 400 тэрбум ам.долларын баялагтай.  Монголын ард түмнийг ажилтай, орлоготой болгоод зогсохгүй ядуурлаас гаргана. Монголын ирээдүй үүнээс шалтгаална гэдэгт ард түмэн итгэдэг. Оюутолгой зөв замд орсноор үүнээс том бүтээн байгуулалтууд ар араасаа шударгаар явах уу, луйвраар явах уу гэдгээ хүлээгээд байж байна.  Оюу толгойн хөрөнгө оруулалтын төслийг Монголд ашигтай болгоно гэдэг бол өнөөдрийн УИХ-ын нэг номерын барьж авах ёстой чухал асуудал. Энэ бол үе үеийн Засгийн газрын 30 жилийн түүхийн бүтээн байгуулалт. Даанч энд луйвар байгаа. “Рио Тинто”-гоос Монголын Засгийн газарт  удаа дараа захидал явуулж, илч төлөөлөгч ирж, хэлэлцээрт суух гэж оролдож байна. Энэ бол сайны тэмдэг. Биднийг гөлөг ч гэж тоодоггүй байсан шүү дээ. Тэд Монголын ард түмнээс айхгүй, Засгийн газрыг төлөөлж байгаа Уул уурхайн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамыг халаасалчихсан гэж боддог байсан. Тэдний төлөөний агентууд энэ дөрвөн яаманд үеийн үед шигдэж, ажилладаг байсан. Би баримттай ярина. Тэгэхээр Монголын улстөрчид анх удаа нэгдэж, Оюу толгой дээр Монголын эрх ашгийн төлөө байж чадсан. Миний бие энэ асуудлыг 17 жил ярьж байгаа. Олон иргэний хөдөлгөөнүүд нэгдэж байсан. Тамга барьсан төр Монголынхоо ард түмний талд байна гэдэг ямар том давуу талтайг асан Х.Баттулга харуулсан. Түүнээс гад на тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар байснаар АТГ, шүүх, прокурор, төрийн өмчийн газрууд нийлж, нэгдсэн зохион байгуулалтад орж хоёр жил хөөцөлдлөө. Үүний үр дүнд таван улсын шүүх дээр хөрөнгө оруулалтын гэрээг луйвар хийсэн байна, өөрчлөх ёстой гэж Монголын Засгийн газраас сөрөг нэхэмжлэл явуулсан нь хамгийн чухал. Үүнтэй холбогдуулаад Рио Тинто ялагдах магадлал ихтэй байгаа учраас таван улсын шүүх дээрх нэхэмжлэлээ татаач ээ, та бүхэнд бид дөрвөн янзаар тал засъя гэсэн агуулгатай захидал ирсэн байна гэж би ойлгож байна.

Нэгдүгээрт, 34 хувийг монголчууд худалдаж авснаас болж үүссэн өр буюу 2.3 тэрбум ам.долларын өр бий болчихсон. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэдэг найрсаг санал орж ирлээ. Монголоор орчуулах юм бол “Би чамаас 34 хувийг чинь үнэгүй аваагүй. Бүр дамлаж зарж, хүүтэй авсан луйвраас ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.доллар болох өрнөөс харж үзэж, 1.6 тэрбум долларыг  нь хасъя. Чамаас би луйвардаж, 2.3 тэрбум ам.доллар авах ёстой байсан боловч 700 сая ам.долларыг харж үзэж авъя” гэж байгаатай агаар нэг. Үүний эсрэг шийдвэртэйгээр үгүй гэж хэлэх ёстой. Цаашид Монголын ард түмнийг энэ 34 хувиараа жилийн арав орчим хувиар хүүлнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:  

-Дубайн гэрээний нэг хор уршиг нь Монголын талын 34 хувьд ногдох хуримтлагдсан өр гэгчийг өмнө нь хүлээн зөвшөөрөхгүй, балансыг нь Сангийн яам баталгаажуулахгүй байсан. Гэтэл Ерөнхий сайд  Ч.Сайханбилэгийн заавраар Дубайн гэрээнд өөрчлөлт оруулж гарын үсэг зурсны дагуу тав  хоногийн дотор дээрх өрийг Монгол Улс хүлээн зөвшөөрч, Сангийн яам баталгаажуулсан явдал юм. Ийм учраас Монгол Улсын шүүхээр хууль бус нь тогтоогдсон Дубайн гэрээг цуцалбал Монголын талын 34 хувьд ногдох өр гэгч 70 хувь нь биш, бүтнээрээ байхгүй болох боломжтой. Тэгэхээр миний хувьд “Рио Тинто”-гийн саналыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж байгаа нэг үндэслэл юм

Ардчилсан намын Сонгинохайрхан дүүргийн үүрийн дарга асан Л.Эрхэмбаяр:

-Сайнанбилэг ээ ард түмнийг тэнэг, юу ч ойлгодоггүй гэж битгий доромжил. Аятайхан бай хүүхээ. Тэсэж чадахгүй хэдэн үг хэлчихье. Чи болон бүлэглэл чинь нууцаар Дубайд очсон. Чи “Рио Тинто”-гийн тансаг зардлаар ашигаа авсаныг нь хүлээн зөвшөөрсөн.  “Рио Тинто”-гоос  өндөр хүүтэй мөнгө Оюутолгойд  зээлүүлсэн. Энэ нь  мөнгө хүүлэх боломж олгосон, дагалдах баялагаас АМНАТ тооцохгүй гэж УИХ-ын эрхэд халдсан, угаасаа гэрээнд өөрчлөлт оруулах явдал чиний болоод бүлэглэлийн чинь  мэдэх асуудал биш.  УИХ-ын эрхийн асуудал байсан, та нар хулгайгаар явсан. Монгол Улсыг 2053 он хүртэл өрийн дарамтад оруулсан. Ийм учраас гэрээ биш хууль бус “төлөвлөгөө”гэгчийг хийж ирсэн. Дубайн гэрээ гэдэг  бол УИХ-д танилцуулаагүй, цэвэр хуйвалдаан, асар том мөнгөний луйврын “Төлөвлөгөө”.  Дуугүй байхаар номхон тэмээ ноолоход амар гэгчээр ард түмнийг битгий доромжлоод усан тэнэг, юу ч ойлгодоггүй мал гээд бай. Чи олон юм яривал олон түмний уур бухимдлыг улам ихээр хүргэнэ гэдгийг нэгэн цагт намын журмын нөхөр явсны хувьд зөвлөе.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: 

-Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй, шууд аваарай.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт: 

-Оюутолгойн гэрээ Монгол Улсад ямар ч эрсдэлгүй, ашигтай гэрээ. Нийт орлогын 53 хувийг буюу өнөөгийн үнэ цэнээр нийт орлогын 59 хувийг Монгол Улс  эзэмшиж байгаа. Бодит Монголын тал татвар төлөгчдийн мөнгийг буюу улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр “Оюутолгой” ХХКийн 34 хувийг эзэмшиж, мөн уурхайг ашиглалтад оруулах зургаан  тэрбум орчим ам.долларыг бэлэн мөнгөөр урьдчилан гаргаж хуваалцаж төлөхгүй гэдгээрээ энэ гэрээ эрсдэлгүй юм. Тэр 34 хувь нь   эргэж төлөхгүй  зөвхөн ногдол ашгаасаа төлөх заалттай учир Оюутолгой уурхай ашиггүй ажилласан ч Монголын талын эзэмшиж буй 34 хувийн төлбөрийг гадаадын хөрөнгө оруулагчид хариуцах юм.

Зөвхөн эндээс үзэхэд Оюутолгойн гэрээний ямар адармаатай нь харагдана. Дашрамд дурдхад Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас өнгөрсөн  аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монгол Улсаас  хоёр улстөрчийн нэр дурдагдсан. Нэг нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд бол нөгөө нь 30 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэгдэж буй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм “Amsterdam & Partners LLP”-ийг хөлсөлсөн бөгөөд гадаадын иргэншил хүсчээ. Харин Монгол Улсын прокурорын байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа гэдгээ 2020 онд мэдэгдсэн. Хамгийн сүүлд буюу хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ерөниий сайд асан Ч.Сайханбилэгийг дахин эрэн сурвалжилна. Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүн ийм болчимгүй үйлдэл гаргаж болохгүй. Өөрөө сайн дураар эх орондоо ирээд буруу зөвөө шүүлгээд явбал зохино” хэмээн ярилцлага өгсөн билээ. Ямартай ч дэлхийд хамгийн томд тооцогдох, нэг ёсондоо гарын арав биш таван хуруунд тооцогдох  алт, зэс, мөнгө гээд бусад дагалдах метал ашигт малтмалын нөөцтэй   Оюутолгой ордыг тойрсон асуудал Монголд үргэлжилсээр. Асуудал хэрхэн шийдэгдэхийг ард түмэн ажигласаар сууна.

#МонголынМэдээСонин #СондгойӨнцөг

2021 оны арваннэгдүгээр сарын 01. Даваа. №137 (5542)

Exit mobile version