Нийгэм

С.Аригуун: Зам талбайн үйлчлэгчдийг цалин хөлсөөр дутаахгүй, яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг нийслэлээс ч төрөөс ч анхаарах ёстой

Нийтэлсэн

Д.НЭРГҮЙ

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаядлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунтай ярилцлаа. Одоогоор  нийслэлийн есөн дүүрэгт 23 тохижилт үйлчилгээний компани байдаг. Үүнд  920 гаруй зам талбайн үйлчлэгч бидний нэрлэдгээр “шар хантаазтнууд” ажилладаг аж. Тэд нийслэл хотоо хоггүй, цэмцгэр ганган байлгахын төлөө үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол цэвэрлэдэг туйлын хөдөлмөрч хүмүүс билээ. 

-Нийслэл хотоо хоггүй хот болгохын төлөө дор бүрнээ ажиллаж  байгаа. Энэ тал дээр зам талбайн үйлчилгээний ажилчдын үүрэг хамгийн их. Тиймээс  тэд  цалин хангамжийн хувьд ямар байдаг юм бол?

-Нийслэлд жилээс жилд бүтээн байгуулалтын ажил их өрнөж байгаа. Тийм учраас  урьдынхтай харьцуулахад зам талбайн үйлчилгээний ажиллагсдын тоо нэмэгдсэн. Насжилтын хувьд ч нэлээд залуужсан, энэ хэрээр цалин хөлс, хангамж сайжирч арван жилийн өмнөх үетэй харьцуулшгүй. Гэвч өнөөдрийн цар тахал, улс орны эдийн засгийн хүнд үед цалин хөлс 100 хувь хүрэлцээтэй гэж хэлэх боломжгүй. Гэсэн ч цалин хөлсийг нь нэмэгдүүлэх талаар бодлого зорилт дэвшүүлээд явж байна. Үүний тулд энэ салбарын ажлын үнэлгээ маш чухал. Ингэж ажил үйлчилгээг өндөр болгож байж цалин хангамж нэмэгдэх боломж бүрдэнэ гэсэн үг. 20 гаруй жилийн өмнө төрийн үйлчилгээний ажилтан буюу төрийн албан хаагч гэж явдаг байх үед цалинг нь төрөөс тогтоодог байсан. Харин одоо өөрч­лөг­дөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын  зо­хион байгуулалтад орсон. Өөрөөр хэлбэл тухайн ажил ол­гог­чийн зүгээс цалинг нь тог­тоодог системд шилжсэн. Гэвч дам утгаараа эдгээр ажил­лагс­дын цалин хангамжийг нэ­мэг­дүү­лэхийн тулд тухайн сал­барын үйлчилгээг төрөөс сан­хүү­жүүлж байгаа. Тухайлбал, хог ач­даг машины жолооч сардаа 1,500,000-2,000,000 төгрөгийн цалин­тай. Ерөнхийдөө ихэнх ТҮК-иүд хийснээр цалинжуулдаг. Сайн ажиллаад байвал тэр хэм­жээ­гээр өндөр цалин авна гэсэн үг.

-Гэсэн ч  халуун хүйтэнд гадаа ажилладаг хүмүүсийн хувьд халширч шантрах бас хүнд бэрхшээлтэй үеүд нэлээд гардаг байх гэж бодож байна?

-Мэдээж хог хаягдлын хатуу ширүүн нөхцөлд хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүст бэрхшээл багагүй тулгарч байгаа. Гэсэн ч тэд маань ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Тийм учраас аль болох цалин хөлсөөр дутаахгүй, яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг нийслэлээс ч төрөөс ч аль аль шатандаа анхаарах ёстой. Хүн болгон өөр өөр үзэл бодолтой. Түүн шиг зарим нь  ажилдаа зүгшрээд гарт нь орчихсон, ажлаа гэсэн сэтгэлтэй байхад,зарим нь цалин хөлсний дутагдал гачигдлаас болоод ажлаа өгөх солих асуудал нэлээд гардаг. Ялангуяа сүүлийн хоёр жил буюу нийгмийн хүнд байдлаас болоод ажилчид их орж гарч солигдож байгаа. Барилга, уул уурхай руу орж ажиллах гэх мэтээр маш их хөдөлгөөнтэй болсон учраас энэ салбарт ачигчийн ажил дутагдалтай байна гэдгийг ажил олгогч ТҮК-иуд бидэнд дамжуулдаг. Энэ нь цалин бага учраас л арай илүү цалинтай ажил руу яваад байгаа шүү дээ. Тийм учраас бид эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг нь нэн түрүүнд анхаарах ёстой гэж бодож байна.

-Зам талбайн үйлчлэгчид ковидын халдвар авах эрсдэл өндөр. Тиймээс  халдвар хамгаалал, ариун цэвэр, зориулалтын хувцас хэрэглэлээр хангах тал дээр хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Энэ тал дээр анх ковид гарч байхад зориулалтын хувцас хэрэглэл өмсөж хэвшүүлэх шаардлага нэлээд тавьсан. Гэтэл ялангуяа хог хаягдал цэвэрлэж, тээвэрлэж байгаа хүмүүст зориулалтын хувцас өмсөх нь нэг талдаа тохиромжгүй  байсан.Учир нь байнгын тоос шороонд маш хурдан урагдаж цоорно, тэгэхээрээ энэ хувцас ач холбогдолгүй болоод эдийн засгийн хувьд ч  үргүй зардал болж байгаа юм. Тийм учраас байнга гарыг нь угаалгаж  маскыг нь сольж байх нөхцлөөр хангасан. Яахав  дээрх зориулалтын хувцас шинэ тутам байсан учраас шийдэл нь тухайн үед болж байсан юм шиг боловч хэсэг хугацааны дараа эргээд харахад оновчтой биш байжээ. Тийм учраас одоо хувийн зүгээс халдвар хамгааллаа сайн барьж ажилла гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Гэсэн ч энэ хүмүүсийн хувьд хэцүү, ажлынх нь нөхцөл хүнд учраас тэр болгон зориулалтын хувцас өмсөөд үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Үүний оронд ТҮК-ийн зүгээс одоо хэрэглэж байгаа хувцсаа тогтмол угаах, бээлий маскыг нь солих тал дээр байнга хяналт тавьж шаардлага тавьж байх ёстой. Гэвч хэзээний хар бор ажил хийгээд сурчихсан тэд ихэнхдээ л маск бээлийгүй ажиллаж байгаа харагддаг.

-Та дээр гудамж талбайн үйлчлэгчид залуужсан гэлээ. Амьдрал дээр ихэнхдээ эмэгтэйчүүд ажлыг голохгүй, хүнд хүчир гэлтгүй хийж байгаа шүү дээ, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тэднийг хэрхэн урамшуулж байна  вэ?   

-Одоогоор 60 орчим хувь нь эмэгтэйчүүд, өрх толгойлсон,гэр бүлээрээ ажиллаж  байгаа хүмүүс ч байна. Энэ тал дээр  ажил олгогчдын зүгээс оюутан хүүхдийн сургалтын төлбөр, байр орон сууц, монгол гэр авах тал дээр байнга туслалцаа дэмжлэг үзүүлээд явж байгаа. Харин Нийслэлээс  гэхэд сүүлийн таван жил “Манай хороо миний гудамж” болзолт уралдааныг ТҮК-ийн дунд  зарлаж явуулсан.Тус  уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нарыг Сингапур, Япон, Солонгос, Сингапур, Хонгконг, Бээжин, Тайланд, Вьетнам зэрэг гадаадын олон улс орноор  аялуулсан. Энэ бол хилийн дээс алхаж үзээгүй тэдний хувьд мөрөөдөл байсан. Харин энэ жил ковидын улмаас дотоодын аялал зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Хужирт суманд шинээр баригдсан хамгийн өндөр зэрэглэлийн сувилалд амруулсан. Эрүүл мэндийн тал дээр ч  ТҮК-ийн удирдлагууд жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах гээд олон ажил хийдэг юм билээ. Нэмж хэлэхэд хотыг хоггүй болгохын тулд зөвхөн төрийн хэдэн албан хаагч нар шаардлага тавих биш иргэн иргэндээ хяналт тавьж ажиллабал үр дүнгээ өгнө. Тиймээс эдгээр хүмүүсийн ажил хөдөлмөрийг бодитойгоор хайрлаач гэж хэлмээр  байна.

-Ингэхэд хог хаягдлыг буу­руулах менежментийн чиг­лэлд ямар ажлууд  хийж байна вэ?

-Улаанбаатар хотын хог хаягд­лыг бууруулах менеж­мен­тийг сайжруулахаар 2017 оноос хойш олон ажил хийсэн. Хог хаягдлын тухай хууль 2017 оны тавдугаар сарын 12-нд шинэчлэн батлагдсан.  Өмнөх хуулиасаа конценцын хувьд өөрчлөлт орсон. Хогийг хог гэж харахаа больё, хогийг эдийн засгийн эргэлтэд оруулъя, байгалийн цэвэр түүхий эдийг хэмнэе, дахин боловсруулсан түүхий эдийг ашигладаг болъё гэсэн гол үзэл баримтлалын дор  боловсруулагдсан байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 2017 оноос хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах сэтгэл зүйг нийслэлийн иргэдэд бий болгохоор олон туршилтыг хороод, СӨХ-нд хийсэн. Өнөөдөр  энэ ажил өргөжин хийгдэж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд 100 хувь биш ч гэсэн ямар ч байсан ангилах ёстой гэсэн мэдээлэлтэй болсон байна. Зарим хэсэг нь хогоо ангилаад хэвшсэн. Зарим нь ангилсан хогоо мөнгө болгож эдийн засгийн эргэлтэд оруулж байна.

-Тэгвэл нийслэлд хог дахин боловсруулах хэчнээн үйлдвэр байдаг юм бол?

-Улаанбаатар хотод дахин боловсруулах чиглэлийн 20 гаруй үйлдвэр бий. Энэ дундаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь ихэвчлэн хуванцар, цаасны үйлдвэр. Үүнийг боловсруулдаг хоёр үйлдвэр бий. Одоогоор нэг нь засвартай байгаа. Ундааны сав, гялгар уут, бусад хог хаягдлыг боловсруулах үйлдвэр мөн ажиллаж байна. Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлыг бууруулах ёстой. Бид өнөөдөр хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа. Байгальд дарж булж байгаа хог хаягдлын хэмжээг бууруулах ёстой гэсэн том зорилт тавиад ажиллаж байна. Үүнийг бууруулахын тулд хог ачилтыг бууруулах ёстой. Тэр нь ангилан ялгалт, дахин боловсруулалт юм. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хуульд заасан үүргээ биелүүлж, хогоо ангилж ялгах тогтолцоог нэвтрүүлэх юм бол төвлөрсөн хогийн цэг рүү явж байгаа 100 тонн хогийн 20-30 тонн нь ангилан ялгалт хийгдэж дахин боловсруулах үйлдвэр рүү очно. Ингэснээр байгальд булагдах хог 20-30 хувь буурна гэсэн үг.

-Нийт хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулж байгаа вэ?

 

-Одоогоор 12-13 хувийг дахин боловсруулж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотоос төвлөрсөн хогийн цэгт 1.2 сая тонн хог хаягдал очсон байна. Төвлөрсөн хогийн цэгт очсон хог хаягдлыг тэнд ажиллаж байгаа хүмүүс ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг. Хог хаягдлын бүтцийг авч үзвэл мөнгө болгох боломжтой хог хаягдал 60-70 хувьтай байна. Нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлдэг. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш үнсийг дахин ашиглаж болно гэсэн судалгаа гарсан. Дахин ашиглахдаа барилгын алаг хавтан, бетонон зам, авто замын сууринд хэрэглэх боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлсэн. Бид үүнийг стандарттай болгохоор ажиллаж байна. Ингэснээр үнсийг дахин боловсруулж, барилгын материалд ашигладаг болох үүд нээгдэнэ. Барилгын материал үйлдвэрлэгчид үнсийг дахин боловсруулж, ашиглаад эхэлбэл Улаанбаатар хотын хог хаягдал 50 хувиар буурна. Үлдсэн 50 хувьд цаас, хуванцар, шил багтана. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ-наас шил боловсруулах үйлдвэр барихаар төсөв хөрөнгө шийдвэрлэгдсэн. Өмнө нь архи, ундааны шилийг л дахин ашигладаг байсан бол одоо хагарч бутарсан, цонхны шил зэрэг бүх төрлийн шилийг буталж, дахин боловсруулдаг үйлдвэр барихаар ажиллаж байна. Энэ бол том дэвшил. Металл дахин боловсруулах чиглэлийн үйлдвэр манайд бий. Хөнгөн цагаан лааз цуглуулж, хайлуулж, дахин боловсруулдаг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа.Тийм учраас бидний өдөр тутамдаа гаргаж байгаа хог хаягдал мөнгө болох боломжтой. Жишээ нь хүнсний хог хаягдал. Айл өрхийн хог хаягдлыг үнэр оруулж бохирдуулдаг нь хүнсний хог хаягдал байдаг. Тэгвэл хүнсний хог хаягдлыг ангилж ялгадаг, түүнийг нь бордоо болгох төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна.

Б.Отгонбаяр: Иргэд хогоо уутанд хийж хэвшээд ухамсартай болсон

/Зам талбайн үйлчлэгч/

Нэг жил гаруй хугацаанд нийслэл хотынхоо гудамж талбайг цэвэрлэж байгаа тэрбээр ажилдаа сэтгэл хангалуун нэгэн юм билээ. Учир нь надад дутагдаж гачигдсан, хүнд хэцүү зүйл алга. Компаниас хувцас, нормын гутал, хоол хүнс гээд бүх талаар хангадаг. 700,000 төгрөгийн цалинтай. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Цалингаа их бага гэж чамлахгүй зөв зарцуулж байгаа учраас амьдралд хүрэлцэж байна. Толгойтоос ажилдаа явдаг. Өглөө 08:00 цагаас 20 цаг хүртэл ажилладаг. Бага багаар цэвэрлээд байгаа учраас энд тэнд хог хаягдал бөөгнөрдөггүй, миний хариуцсан талбай их цэвэрхэн байдаг. Нэг үеэ бодвол манай хотынхон хогоо уутанд хийж хэвшсэн байна. Мөн байшингийн буланд бие засч, дуртай газраа шүлс нусаа хаяхгүй залуучууд их соёлтой болж. Энэ ухамсартай хандлага  бидний ажилд их тус дэм болдог юм. Жишээ нь, албан газрууд бидний ажилд  тусалж  50 метр орчмын газраа цэвэрлэж байна. Мөн нэг тэрэг түрдэг сайхан сэтгэлтэй залуу надад өглөө болгон ирж тав, арван минут  хог шүүрдэж өгдөг. Тэгээд л ажлын цаг боллоо гээд явдаг.Тийм учраас би ажилдаа огтхон ч шантардаггүй, муухай ажил ч  гэж боддогүй.

#МонголынМэдээСонин #Хүмүүс

2021 оны арваннэгдүгээр сарын 01. Даваа. №137 (5542)

Exit mobile version