Нийгэм

“Петрочайна дачин тамсаг” Монголын хуулийг уландаа гишгэсээр байна

Нийтэлсэн

Хятадын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компани Монголын хамгийн том газрын тосны ордод эзэн суугаад 20 гаруй жил болж байна.

Тус компани Хятадын коммунист намын шууд удирдлага дор ажилладаг. Энэ утгаараа Цагаан хэрэмний цаанаас үзүүлж буй нөмөр нөөлөг их гэдгийг Монголын үе үеийн удирдагчид ойлгодог болохоор өнөөг хүртэл битүүхэн өмгөөлж хамгаалсаар ирсэн. Улмаар хэдэн зуугаар тоологдох хятад ажилчин Монгол Улс дотор тусгай зөвшөөрөлтэй улс, Дорнод аймаг дотор лицензтэй аймаг байгуулан аж төрж байна.

Мэдээж, олон улсын гэрээ буюу газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг учраас Монгол Улсын хууль үйлчилдэггүй. Харин Дорнод аймгийн иргэдэд бол хууль дүрэм хатуу чанд үйлчилнэ. Үүнийг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн үйлдэл гэрчилнэ.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” БА БАЙГАЛЬ ОРЧИН

Засаг дарга М.Бадамсүрэн “Петрочайна дачин тамсаг” компанийг эсэргүүцээгүй бөгөөд гагцхүү Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэн ч байсан Монголын хуулийг дагах ёстой гэдгийг сануулжээ. Ингэхдээ “Петрочайна дачин тамсаг” компанийн ерөнхийлөгч Жан Хун Фуг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэдэг үндэслэлээр Экологийн цагдаагийн алба, аймгийн прокурорт хандаад байгаа. Учир нь төрийн байгууллагуудын шалгалтаар Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компани удаа дараа Монгол Улсын хуулийг зөрчсөн гэдгийг тогтоосон юм.

Тухайлбал, газрын тосны олборлолтын үйл ажиллагааг эрхлэх, үргэлжлүүлэх үндсэн баримт бичиг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ус ашиглуулах гэрээ болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Усны тухай хуулийг зөрчиж, Тосон Уул-XIX талбайд 1.3 сая шоо.метр, Тамсаг-XXI талбайд 797 мянган шоо.метр усыг зөвшөөрөлгүй ашигласан байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах нөхөн сэргээлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг ердийн хөрсөн замаар хийж, Монгол Улсын MNS 6278:2011 стандарт бусад хууль тогтоомжийг зөрчин, тус бүс нутагт 8-20 салаа бүхий 80 гаруй метр өргөнтэй 58.5 км урттай өргөн зам үүсгэжээ.

Улмаар 4.7 сая га талбайд хөрсний доройтол, эвдрэлийг үүсгэн ан амьтан, ургамлын төрөл зүйлийг санаатайгаар гэмтээж устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулах хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан зэрэг зөрчлүүд үүсгэсэн гэдгийг Засаг дарга М.Бадамсүрэнгийн мэдээллээс харж болно. Дорнод аймгийн удирдлагын зүгээс үүнээс өмнө нь буюу 2017 онд газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоож байсан удаатай. Мөн Засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, “Петрочайна дачин тамсаг” гурван талт хэлэлцээрийн ширээний ард суусан байдаг аж. Гэвч хэлэлцээр байгуулаад гурван жил өнгөрсөн ч нөхцөл байдал сайжраагүй.

Өнгөрсөн хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч хятадуудын Монголд хандах хандлага өөрчлөгдөөгүй. Харин ч дордсон бөгөөд төрийн байгууллагууд шаардлага тавихад, хэлсэн ярьсан зүйлээсээ мэлзэж, хэлсэн ярьсан зүйлсээ үгүйсгэсээр байгаа гэнэ. Энэ нь “Петрочайна дачин тамсаг”  компани нэг литр газрын тос олборлохын тулд нэг литр ус зарцуулдаг байсан бол өнгөрсөн жилээс гурван литр газрын гүний усаар нэг литр тос олборлодог болсноос харагдана.

Гэтэл Мэнэнгийн талд ус гэдэг зүйл алтнаас үнэтэй эрдэнэ байдаг. Үүний нөлөөгөөр орон нутгийн иргэд 60-70 метрийн гүнээс гаргаж авдаг байсан ундны усаа 100 орчим метрээс ухаж хэрэглэдэг болсон байна. Энэ хэрээрээ гүний усны түвшин доошилжээ. Орон нутгийн зүгээс “Петрочайна дачин тамсаг” компани газрын гүний усыг хэтрүүлэн ашигласнаас болж ийм байдалд хүрсэн гэж үзжээ.

Энэ жил л гэхэд тус компани  хоёр сая литр ус ашиглаж, 600 мянган тонн газрын тос олборлосон байна. Ийнхүү Дорнодын тал дахь газрын гүний усны нөөцийг зүй бусаар ашиглах замаар байгалийн эко системийг алдагдуулж байгаа. Дээр нь олборлолтын талбайгаас хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын ажлаа удаан хугацаанд дуусгалгүй, сул хөрстэй Мэнэнгийн талыг нөхөн сэргээгдэхгүй сүйтгэсээр байна. Тиймээс Засаг дарга М.Бадамсүрэн Байгаль орчны яам, Уул уурхайн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаад байгаа юм байна.

Магадгүй, Монгол Улс хятадуудад газрын тосны нөөцөө эзэмшүүлснээс хойш хууль дүрэм мөрдүүлэхээр оролдсон бараг анхны тохиолдол энэ байх. Гэвч төрийн яамд болон Засгийн газрын харьяа агентлагуудын зүгээс орон нутгийн иргэдийн гомдолд хариу өгөлгүй өнөөдрийг хүрчээ.

“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” БА БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ

Дорнод нутгийн экологийн систем үлэмж дордож, Монголын газрын тосны нөөцийг Хятадын төрийн мэдэлд орсныг бүтээгдэхүүн хуваах гэрээ хуваах гэрээтэй шууд холбодог. Тус Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх Монголын төрийн өмчит  “Монгол газрын тос”, Канадын “Соко” компаниудын хооронд 1993 онд байгуулжээ. Улмаар “Соко” компани Хятадын төрийн өмчит  “Петрочайна дачин тамсаг” компани бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхээ шилжүүлснээр хятадууд орж ирсэн байдаг.

Гэрээний дагуу Тамсагийн орд дахь өдрийн дундаж  олборлолт 50 мянган баррелиас бага бол Монгол Улсын Засгийн газар 35 хувь, “Петрочайна дачин тамсаг” компанид үлдэж хувь нь ногдоно. Мөн 50-100 мянган баррелиас бол Монгол Улсын Засгийн газар 50 хувь, харин 100 мянгаас их бол Монгол Улсын Засгийн газар 55, үлдсэн 45 хувийг гэрээлэгч эзэмшинэ хэмээн зааж байсан аж.

Гэвч олборлолт ихэнхдээ 50 мянган баррелиас их гардаггүй. Энэ нь Тамсагийн ордын бүтэцтэй холбоотой гэдгийг салбарын эрдэмтэд хэлдэг. Хэрэв хэт ихээр олборлох гэж хүчилсэн тохиолдолд олборлолт бүр зогсох аюултай аж. “Петрочайна дачин тамсаг” компани бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш ойролцоогоор есөн сая тонн газрын тос олборложээ. Тэд XIX талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт, XXI талбайн тосыг Дорнодын Баянхошуу боомтоор экспортолж байгаа. Оргил үедээ жилд нэг сая тонн газрын тос олборлож байсан түүх бий. Гэтэл  Монгол Улс нэг жилд нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг билээ.

С.СҮЛДЭЭ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version