Улс төр

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан төсвөөс дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэсэн

Нийтэлсэн

Соёлын яамнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Монголын үндэсний цирктэй холбоотой асуултуудад Соёлын сайд Ч.Номин дараах хариултыг өгсөн юм. Монголын үндэсний цирктэй холбоотой асуултад циркийн үйл ажиллагааг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

-Монголын үндэсний цирктэй холбоотой ямар бодлого баримталж ажиллах вэ. Тоохгүй орхивол манай улсын циркийн урлаг устаж үгүй болох уу?

-Монголын үндэсний цирк бол соёлын салбарт томоохон хэмжээний экспорт хийдэг салбар. Циркийн уран бүтээлчид дэлхийд Монголоо төлөөлж, уран бүтээлээ туурвидаг. Циркийн барилгын хувьд 1971 онд ашиглалтад орсон барилга юм. “Аса” групптэй хийсэн гэрээгээр чиг үүргээ тодорхой дурдсан. Ингэхдээ циркийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүрэгтэй байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын Соёлын яамны хувьд цаашид циркийг үйл ажиллагааны хувьд циркийн чиглэлээр нь авч явах ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Удаа дараа тухайн групптэй холбоо барьж, хэзээ үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дээр тогтмол байр сууриа илэрхийлэн явж байна. Соёлын яамны хувьд бол Монголын үндэсний цирк нь үйл ажиллагааны хувьд гэрээ хийсэн чиг үүргийнхээ хүрээнд байх ёстой.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан 10 тэрбум төгрөг төсөвлөсөн. Соёлын төвүүд болон цэрэг, цагдаа нарыг жагсаах нэрийдлээр дээрх мөнгийг дэмий зарлагадсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Бидний хувьд сүүлийн төсвийн тодотголоор 10 тэрбум төгрөгийг Соёлын сайдын төсвөөс татуулсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байлаа. Нэг жилийн турш 42 арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байсан юм. Олон салбарын үйл ажиллагааны төсвийг нийлүүлэн Соёлын сайдын багцад тавьсан. НҮБ-д элссэний 60 жилийн ой, Боловсрол, шинжлэх ухааны салбар үүсч, хөгжсөний 100 жилийн ой гэх мэт арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Энэхүү төсвөөс өнөөдрийн байдлаар дөрөв орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн байгаа.

-Соёлын салбарын албан хаагчдыг хэрхэн мэргэшүүлэх вэ?

-Соёлын салбарын хувьд 24 жилийн турш төрийн захиргааны төв байгууллагагүй явсан. Манай салбарт мэргэшсэн албан хаагч ихээхэн дутмаг байна. Өнөөдрийн байдлаар Соёлын яам төрийн захиргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн түвшнийх байж чадахгүй байгаа. Энэ чиглэлд ямар ч хүнийг мэргэшүүлээгүй тул салбарын хэмжээнд томоохон асуудал болсон. Цаашдаа энэ салбарт дэмжлэг үзүүлж, мэргэшүүлэх нь нэн тэргүүний зүйл юм.

-Сүүлийн үед нийгэмд зүй бус гэмт хэргүүд ихсээд байна. Соёлын яамны зүгээс олон нийтийн үзэл бодлыг эрүүлжүүлэх, эерэгээр нөлөөлөхөд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Иргэдийг төлөвшүүлж, соён гэгээрүүлэх нь хугацааны ажил байдаг. Тиймээс бид ихээхэн анхаарал тавин ажиллах хэрэгтэй. Манай яамны зүгээс сургуулийн өмнөх боловсрол бодлого хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд сургуулийн өмнөх боловсролд үүх түүхээ мэддэг, гэр бүлийн хүмүүжилтэй, бусдыг хайрлахыг хэрхэн бий болгох вэ гэх агуулга бүхий хэрэгжүүлж байна. Хүний амьдралын үе шат бүхэнд судалгаа хийсэн. Соёлын яам нь шинэ яам тул бүх төрлийн бодлогыг шинээр хийж байгаа.

Exit mobile version