Дэлхий

Японы бага сургуулиудад цэвэрлэгч байдаггүй

Нийтэлсэн

Японы бага сургуулиуд сурагчдаас 10 нас хүртэл нь шалгалт авдаггүй. Учир нь тэд бага насны хүүхдүүд ном зааснаас зөв хүн болгох нь илүү чухал гэж үздэг байна. Тиймээс Японы бага боловсролын системд хичээлээр дамжуулан амьтдыг асрах, хүмүүсийг хүндлэх, байгалийг хайрлахаас эхлээд өөрийгөө хянах, хариуцлагатай, шударга байхын үнэ цэнийг ойлгуулдаг байна. Японы ард түмний баримталдаг 2 гол зарчим бий. Энэ нь хариуцлагатай бөгөөд цэвэрч байдал юм.

Тэд хүн болгон дор дороо орчноо тордвол бүгд сайхан орчинд амьдарч чадна гэж үздэг. Япон хүмүүс ийм менталитигээр хүүхдүүдэд хүндлэх, хариуцлагатай байхыг заадаг. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ бол хүн болгоны хийх ёстой хариуцлагын асуудал гэдгийг заадаг аж. Тиймээс Японд улсын бага сургуулиуд цэвэрлэгч ажиллуулдаггүй аж.Хүүхдүүд сургууль дээрээ үдийн хоолоо идсэний дараа ширээгээ цэвэрлэж, ус, ундаа, сүүнийхээ савыг дахин боловсруулах цэгт хүргэх ёстой.

Түүнчлэн багш, шавийн харилцааг ойртуулахын тулд тэд үдийн цайгаа хамт идэхийг эрхэмлэдэг гэнэ. Мөн хүүхдүүд ангийнхаа ханыг будах, зүлэг тэгшлэх ажлыг ч хийнэ. Хүүхдүүд багаасаа багаар ажиллаж, байгаль орчноо хайрлаж сурснаар энэ дадал нь насан туршид хадгалагдах болно.

Зарим сургуулиудад сурагчид хүнсэндээ хэрэглэх ногоогоо тарьж, хурааж, өөртөө зориулан эрүүл хоол бэлтгэж иддэг байна. Ийнхүү хүүхдүүдийг ажилд сургаснаар тэд биеэ даах, хариуцлагатай байх, ажлын этиктэй болж төлөвшдөг. Учир нь боловсрол гэдэг бол зөвхөн оюун ухааныг хөгжүүлэх биш, харин хэрэгтэй хүн болгохыг хэлнэ. Харин сургууль бол шинэ чадвар эзэмших, зөв дадал зуршилтай болох сайхан боломж. Цэвэрлэгээ хийснээр хүүхдүүд орчноо цэвэрхэн байлгахаас гадна хамтарч ажиллаж сурдаг. Энэ үед хүүхдүүд хоорондоо ярилцах боломжтой болдог тул уйдна гэж байхгүй.

Японы нэгэн сургуулийн англи хэлний багш Майкл Ауслин “Сургууль бол зөвхөн номоос заах газар биш. Энд хүүхдийг нийгмийн гишүүн болгон бэлтгэдэг” гэжээ. Мэдээж хүүхдээ шал цэвэрлээд зогсож байхыг харах сайхан байхгүй. Гэхдээ япон эцэг эхчүүдийн хувьд ийм хичээлийг ойлгож, ач холбогдлыг нь үнэлдэг байна. Тэд хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүн чанар, нигүүлсэнгүй сэтгэлтэй болгохыг хүсдэг ажээ.

Exit mobile version