Дэлхий
Капитолын үймээнд оролцсон АНУ-ын иргэн Беларусь улсаас орогнол хүсжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Дональд Трампыг дэмжигчид энэ оны нэгдүгээр сарын 6-нд Вашингтон хот дахь Капитолын ордон руу дайрч, үймээн самуун дэгдээсэн билээ.
Уг үймээнд оролцсон АНУ-ын иргэн Эван Ньюман гэгчийн Беларусийн төрийн өмчит Беларусь-1 телевизийн сувагт өгсөн ярилцлага өнгөрсөн Ням гарагт цацагджээ.
АНУ-ын шүүхээс түүнд зургаан төрлийн ял тулгасны дараа тэр өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр Европ руу дүрвэсэн юм байна.
Ньюман эхлээд Швейцарь, Италид хэсэг саатсаны дараа Украинд очсон гэнэ. Гэвч дөрвөн сарын дараа Украины тусгай албаныхан түүнийг мөшгөж эхэлсэн тул энэ оны наймдугаар сарын дундуур Беларусийн хилийг хууль бусаар даваад баривчлагджээ.
Тэрбээр одоо Беларусьд амьдрахаар шийдэж, улс төрийн орогнол хүсээд байгаагаа ярилцлагын үеэр мэдээлсэн байна.
Ньюман АНУ-ын шүүхээс түүнд тулгасан ялыг “улс төрийн хавчлага” гэж үзэж байгаагаа энэ үеэр хэлжээ.
Эх сурвалж: AFP