Эдийн засаг
Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй
Нью-Йоркийн “Comex” бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.6 хувиар буурч, тонн нь 9614 ам. долларт хүрсэн байна. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн худалдааны компани “Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металлын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байгаа аж.
Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох өвлийн олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ. Ийнхүү ойрын хугацаанд урд хөршийн зэсийн эрэлт сулрах төлөвтэй байгаа бөгөөд барууны орнуудад ч цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор металл боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт багасаж мэдэхээр байгаа ажээ. Гэхдээ зэсийн ханшийн тухайд ирэх онд өсөлттэй хэвээр байх болно гэж “Трафигура” дүгнэсэн байна.
Тодруулбал ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэж, улмаар хаврын урин цагтай зэрэгцээд цахилгааны нийлүүлэлт ч илүү хангалттай болж ирнэ гэж тооцжээ. “Трафигура”-гийн дүгнэлттэй шинжээчид ч санал нийлж байгаа юм. Тухайлбал, Копенгаген дахь “Saxo” банкны түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Оле Хансен “Зах зээлд цаашид зэсийн нийлүүлэлт дутагдсан хэвээр байх болно. Зэс зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагдаад зогсохгүй дэд бүтцийн салбарт хэрэгтэй хэвээр байна” гэжээ.
Ерөнхийдөө зэсийн хувьд АНУ, Хятад, Европын холбооны ногоон шилжилтийн нөлөөгөөр ирээдүйд эрэлт нь өсөх нь тодорхой болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан АНУ-ын нэг их наяд ам.долларын дэд бүтцийн төсөл нь гүүр, хурдны зам засвар, орон даяар цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээг нэмэгдүүлэх зорилготой юм. Зэсийн хэрэглээний дийлэнх хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлдэг бөгөөд Хятад бол улаан металлын дэлхийн хамгийн том хэрэглэгч юм. Хятад улс өнгөрсөн аравдугаар сард 410.5 мянган тонн зэс импортолсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард 406 мянган тонн зэс импортолж байсантай харьцуулахад 1.1 хувиар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Он гарсаар эхний арван сарын байдлаар Хятад улс 4.43 сая тонн зэс импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар доошилжээ.
Харин зэсийн баяжмалын импортын тухайд, аравдугаар сард 1.8 сая тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарын импортын дүнгээс (2.11 сая тонн) буурчээ. Гэхдээ оны эхний арван сарын байдлаар тус улс нийт 19.2 сая тонн зэсийн баяжмал импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БНАКонго, Монгол зэрэг орны зэсийн нийлүүлэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа ч одоо ашиглагдаж буй зарим уурхайн хүдрийн агууламж буурах, нөөц багасах асуудал тулгамдаж байна.
Нөгөөтэйгүүр Чили, Перу зэрэг зэсийн голлох олборлогчдын тухайд борлуулалтад ногдуулах татвар, роялти төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг боомилно гэж шинжээчид харж буй юм. “Фитч” агентлагийн тооцоолж буйгаар зэсийн ногоон технологийн эрэлт (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд чиглэсэн) энэ онд 1.4 сая тонн байх бол 2030 онд 5.4 сая тонн болж өснө гэж таамаглажээ. Чилийн зэсийн комисс буюу Кочилко энэ онд дэлхийн зэсийн нийт эрэлт 24 сая тонн байх бол ирэх онд 24.7 сая тонн болж өснө гэж тооцоолсон байна. Эрэлт ийнхүү өсөхөөр байгаа ч нийлүүлэлт түүнийг нөхөхүйц хэмжээнд хүрч чадахгүй бол үнэ нэмэгдэх нь гарцаагүй.
Харин шинжээчдийн олонх нь зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн төсөлтэй аливаа компани хөрөнгө оруулагчдыг “соронзон” мэт татах нь тодорхой болж ирж байна. Зэсийн үнэ өсөж буй нь Монгол шиг экспортлогч орнуудын хувьд цар тахлын амаргүй үед ач тусаа өгч байна. Оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.8 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.4 дахин их дүнтэй байгаа төдийгүй оны нийт төлөвлөгөөт хэмжээг давж орхижээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН