Эдийн засаг

Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрчээ

Нийтэлсэн

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас сар бүр тооцож гаргадаг хүнсний үнийн индекс /FAO Food Price Infex/ 10 дугаар сард 133.2 нэгж хүрч өмнөх оны мөн үеэс 31.3%-иар өсөөд байна. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ 2011 оны 7 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. 10 дугаар сард хүнсний үнэ өсөхөд хүнсний ургамлын тос, үр тарианы төрлийн түүхий эдийн үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлснийг онцолжээ.

Тухайлбал, улаан буудайн үнэ сүүлийн 4 сар дараалан өссөнөөр өмнөх оноос 40 орчим хувиар өндөр үнээр худалдаалагдаж байна. Улаанбуудайн гол экспортлогчид болон Канад, АНУ, ОХУ-д ургацын хэмжээ буурсан нь ийнхүү нийлүүлэлт багасаж, үнэ өсөх шалтгаан болжээ. Ялангуяа дээд зэрэглэлийн сортын улаанбуудайн үнэ хамгийн өндөр хувь хэмжээгээр өсөөд байна.

Ургамлын тосны хувьд сүүлийн нэг сард л гэхэд үнэ нь 10 орчим хувиар өсөж түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Далдуу мод, наранцэцэг, шар буурцаг, рапсын тосны үйлдвэрээс гарах өртөг бүгд нэмэгдээд байна. Тухайлбал далдуу модны тосны үнийн өсөлтөд Малайзад цагаач ажилчдын хомсдол үүссэнээс болж үйлдвэрлэлийн гарц буурсан нь нөлөөлжээ. Тосны түүхий эдүүдийн хувьд дэлхий дахинд эрэлт сэргэж байгаа нь мөн үнэ өсөх шалтгаан болжээ.

Улаанбуудай, ургамлын тосноос гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, элсэн чихэр гээд голлох түүхий эдүүдийн үнэ бүгд өмнөх онтой харьцуулахад 15-40 хүртэлх хувиар өсөөд байна.

Хүснэгт. Хүнсний голлох түүхий эдүүдийн үнийн өсөлт, өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Хүнсний түүхий эд Индекс –  2021.X сар Жилийн өсөлтийн хувь
Үр тариа 137.1 22.4%
Ургамлын тос 184.8 73.5%
Сүү, сүүн бүтээгдэхүүн 120.7 15.5%
Мах 112.1 22.1%
Элсэн чихэр 119.1 40.6%

 

Эх сурвалж: FAO

Exit mobile version