Дэлхий

WSJ: БНХАУ үндэсний цөөнхийн олон сая долларын хөрөнгийг улсын өмч болгон хураан авч байна

Нийтэлсэн

БНХАУ-ын эрх баригч Коммунист намын удирдлагууд “Нэг Хятад” үзэл санааг бэхжүүлэх зорилгоор Шинжаан, Өмнөд Монгол дахь үндэсний цөөнхийг хүчээр уусгах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх болсон.

АНУ, Их Британи, Канад, Австрали тэргүүтэй барууны хэд хэдэн улс Шинжаан дахь исламын шашны сүм хийдүүдийг нурааж, түрэг хэлээр ярьдаг Уйгар иргэдийг хавчин гадуурхаж, бөөнөөр нь хорих лагериудад хорих зэргээр үндэсний цөөнхийг уусгах бодлого хэрэгжүүлж байгаа явдлыг геноцид гэж тодорхойлсон байдаг.

Олон улсын хүний эрхийн төлөөх “Human Rights Watch” байгууллагын тооцоолсноор Шинжаан дахь бөөнөөр хорих лагериудад 1.5 сая гаруй исламын шашинт Уйгар иргэд хоригдож байгаа гэх тоо бий. Харин Бээжин бөөнөөр хорих төвүүдийг мэргэжлийн боловсрол олгох сургалтын төвүүд гэж тодорхойлдог бөгөөд иргэдийг нийгмээс тусгаарлах замаар шашны хэт даврах үзэл, терроризм, салан тусгаарлах хөдөлгөөнтэй тэмцдэг гэж мэдэгддэг.

Гэвч хүний эрхийн байгууллагууд бөөнөөр хорих лагериудад хоригдож байсан гэрчүүдийн мэдүүлгээр “тэнд иргэдээр хүчээр хөдөлмөр эрхлүүлж, нэг хүнийг тахин шүтэх үзлийг номлох замаар үндэсний цөөнхийг уусгах үйл ажиллагаа явуулдаг” гэх дүгнэлтүүдийг танилцуулсан байдаг.

Тэгвэл АНУ-ын “Wall Street Journal” сэтгүүл БНХАУ-ын эрх баригчид үндэсний цөөнхийн хүний эрхийг ноцтой зөрчөөд зогсохгүй бөөнөөр хорих төвүүдэд хоригдож буй Уйгар гаралтай бизнес эрхлэгчдийн өмчийг хураан авч, улсын орлого болгодог талаарх баримтуудыг дэлгэсэн байна.

Тодруулбал, АНУ дахь Уйгарын хүний эрхийг хамгаалах төслийнхөн 2019 оноос хойш Хятадын шүүх Шинжаан дахь бөөнөөр хорих төвд хоригдож байгаа 21 иргэний 84.8 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцаа зэргийг төрд хураан авч, дуудлага худалдаагаар борлуулах замаар улсын өмч болгосон баримтуудыг цуглуулжээ.

Уйгарын Хүний эрхийг хамгаалах төслийн менежер Николь Моргрет эдгээр 21 хүний хүний баримт бол зөвхөн мөсөн уулын орой гэсэн юм.

Хувийн өмчөө хураалгасан иргэд нь голцуу Хятадын төрийн хэвлэлүүдээр хэт даврагч гэж тодорхойлогдож, террорист, экстремист гэх шалтгаанаар ял авсан хүмүүс эсвэл тэдний ар гэрийнхэн байдаг аж. Улмаар шүүхээс хураасан тэдний эд хөрөнгийг “Alibaba”, “Taobao” зэрэг Хятадын томоохон онлайн худалдааны платформуудад дуудлага худалдаагаар зарж, улсын орлого болгожээ.

Жишээ нь, нэгэн үе “Хятад маягийн социализмыг бүтээн байгуулагч” хэмээн төрөөс сайшаагдаж явсан Абдужелил Хэлил гэх Уйгар бизнес эрхлэгч 2017 онд террорист үйл ажиллагааг санхүүжүүлсэн гэх хэргээр шүүхээс 14 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Хэдий тэрээр энэ оны эхээр давж заалдсан ч шүүх түүний 11 сая ам.долларын өмчийг улсын орлого болгон хураан авах шийдвэр гаргасан аж.

Зарим судлаачийн үзэж буйгаар Абдужелил Хэлил тэргүүтэй Уйгарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид хэлмэгдүүлэлтээс өмнө өөрсдийн бизнесээрээ дамжуулан Хятадын үндэсний олонх болон үндэсний цөөнхийн орлогын ялгааг ойртуулахад чухал нөлөө үзүүлж ирсэн нь эрх баригчдын бай болох шалтгаан болжээ. Улмаар Бээжин нөлөө бүхий хүмүүсийг зохиомол хэргээр яллаж, өмч хөрөнгийг нь хураах замаар үндэсний цөөнхүүдийн итгэл найдвар, нийгэмд нөлөөлөх хүчийг нухчин дарах үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэжээ.

“Wall Street Journal”-ын сэтгүүлчдийн хийсэн дүн шинжилгээгээр Шинжаанд бөөнөөр хорих лагериуд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оноос эхлэн Хятадын шүүхээс Уйгар бизнес эрхлэгчдийн хөрөнгийг хураан авах шийдвэр огцом нэмэгдсэн байна. Тухайлбал, 2017 онд зөвхөн нэг бизнес эрхлэгчийн хөрөнгийг царцаах шийдвэр гарч байсан бол 2018 онд энэ тоо 22 болсон нь 2013 оноос хойших нийт Уйгар иргэдийн өмчийг хураасан шийдвэрийн талаас илүү хувийг эзэлж байгаа юм.

Үүний дунд Уйгарын томоохон барилгын компани болох “Rozi Haji”-гийн үүсгэн байгуулагчид болох ах дүү Рузи болон Мэмэт Хемдул нарт 25 жилийн хорих ял оноосон. Корла хотод байх тус компанийн 40.5 хувийн эзэмшлийн ихэр цамхгийг 300 мянган ам.доллараар дуудлага худалдаагаар зарж, улсsy өмч болгон хураан авсан зэрэг кейс багтаж байгаа аж. Компанийн өөр нэг үүсгэн байгуулагч болох Турк улсад цагаачилсан Омержан Хемдулын хэлснээр тэрээр 2017 оноос хойш ах нараасаа огт сураг сонсоогүй бөгөөд тэдний гэр бүлийн эзэмшиж байсан хэд хэдэн үл хөрөнгийг 2019 болон 2020 онуудад дуудлага худалдаанд оруулжээ.

Түүнчлэн, Омержан Хемдул шүүхээс ах нарт нь үндэслэлээр ял оноосон болохыг мэдээлээгүй. Тэдний компани Шинжаан болон Турк улсад исламын шашны сүм хийд барих төсөл хэрэгжүүлсэн нь Хятадын эрх баригчдын бай болсон. Магадгүй тэдэнд террористуудыг санхүүжүүлсэн гэх зохиомол хэргээр ял тулгасан байх. Ийм замаар эрх баригчид манай гэр бүлийн хөрөнгийг дээрэмдсэн гэсэн байна.

Эх сурвалж: Wall Street Journal

Exit mobile version