Дэлхий

Фпайзер компани ковидын эсрэг бүтээсэн эмээ дэлхийн 95 улсад үйлдвэрлэх боломжийг нээлээ

Нийтэлсэн

Фпайзер компани “КОВИД-19”-ийн эсрэг бүтээж буй “Паксловид” эмээ албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанд гаргажээ. Уг эмийг бүтээхдээ ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашиглаж буй Ритонавир эм болон PF07321332 гэсэн шинээр гарган авсан эмийн нийлбэр байдлаар бүтээснийг мэдээлэв.

Өөр нэг сайн мэдээ нь, Фпайзер компани “Паксловид” эмийн патент буюу оюуны өмчийн эрхээ НҮБ-д бэлэглэж, дэлхий хөгжил буурай /бага, дунд орлоготой/ 95 улсад уг эмийг үйлдвэрлэж, борлуулахыг зөвшөөрсөн гэрээг өнөөдөр Олон улсын Эмийн патентын сан /НҮБ-ын дэргэдэх/-тай байгууллаа. Ингэснээр дэлхий хүн амын 53 хувь уг эмийг кодивын эмчилгээнд ашиглах боломжтой болж байгаа аж.

Жагсаалтад Африк тивийн бага ба дундаас доош орлоготой бүх улс, дундаас дээш орлоготой зарим улс багтаж байгаа аж.  Эдгээрт сүүлийн таван жилд дундаас доош орлоготойгоос дундаас дээш орлоготой улсын ангилалд шилжсэн улсууд ч багтаж байгааг Фпайзер компани онцолсон байна. Монгол Улсын хувьд сүүлийн таван жилийн хугацаанд хөгжил буурай, бага орлоготой орноос хөгжиж буй дунд орлоготой орны жагсаалтад багтсан. Тиймээс манай улс Фпайзер компанийн бүтээсэн “КОВИД-19”-ийн эсрэг эмийг үйлдвэрлэх, борлуулах боломжтой орны тоонд багтах нь тодорхой байгаа юм. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд багтаагүй байна.

Эмийн патентын сангийн захирал Чарльз Гор мэдэгдэлдээ “Энэхүү ууж хэрэглэдэг эм нь нэн тэрүүнд бага, дунд орлоготой орнуудад тохиромжтой бөгөөд коронавирусийн хүндрэлээс олон ​​амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс лицензийн асуудлыг шийдэж байгаа нь маш чухал” гэжээ.

Фпайзер компанийн бүтээсэн “Паксловид” эмийг коронавирусийн халдвараар хөнгөн, хүндэвтэр өвчилсөн эрсдэлт бүлгийн 1219 хүний эмчилгээнд хэрэглэж, туршихад хүндрэх болон нас барах эрсдэлийг 89 хувь бууруулж байна гэсэн үр дүн гарсан байна. Илүү дэлгэрүүлбэл, “COVID-19”-ийн шинж тэмдэг эхэлснээс хойш гурван хоногийн дотор эмчилгээг эхлүүлж, “Паксловид” эмийг уусан өвчтөнүүдэд нас баралт бүртгэгдээгүй бол, эм уугаагүй буюу пласибо бүлэгт долоо хүн нас барсан байна. Харин шинж тэмдэг эхэлснээс хойш тав хоногийн дотор эмчилгээг эхлүүлэхэд “Паксловид” бүлэгт нэг хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн бөгөөд мөн нас баралт бүртгэгдээгүй аж. Гэтэл пласибо бүлэгт 6.7 хувь нь хүндэрч эмнэлэгт хэвтэж, 10 хүн нас баржээ.

Exit mobile version