Дэлхий
Япон-Өмнөд Солонгосын харилцаа муудсаны улмаас АНУ-ын төлөөлөгч ганцаар хэвлэлийн хуралд оролцжээ
Өнгөрсөн өдрүүдэд Вашингтон хотод АНУ, Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн дэд сайд нарын гуравласан уулзалт болсон юм.
Уулзалтын төгсгөлд гурван улсын дэд сайд нар хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч өчигдөр АНУ-ын төрийн департаментын нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман ганцаараа сэтгүүлчидтэй уулзжээ.
Мягмар гарагт Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газрын тэргүүн, генерал Ким Чан Ён хоёр улсын хооронд газар нутгийн маргаан үүсгэдэг Докдо аралд зочилсон нь үүнд нөлөөлсөн байна.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор Япон улсын гадаад хэргийн дэд сайд Такео Мори хамтарсан хэвлэлийн хуралд Өмнөд Солонгосын дэд сайд Чой Жон Күнтэй хамт оролцохоос татгалзжээ.
Тэнгисийн дунд орших хос хадан цохионоос бүрддэг Докдо (Японы тал Такешима гэдэг) арлыг хоёр улс олон жилийн турш булаацалдсаар ирсэн түүхтэй.
Дэлхийн Хоёрдугаар дайнд Япон улс ялагдсаны дараа Өмнөд Солонгос улс тус арлыг хяналтдаа авсан юм. Хүн амьдардаггүй Докдо арал дээр одоо Өмнөд Солонгосын харуул байрладаг.
Генерал Ким Чан Ён арлын харуул хамгаалалттай танилцахаар зочилсон юм байна. Зүүн Ази дахь АНУ-ын холбоотон Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд газар нутгийн маргаанаас гадна 1910-1945 оны колоничлолын үеийн түүхтэй холбоотой олон зөрчил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байдаг.
Эх сурвалж: Korea Times