Дэлхий

Александр Лукашенко: Бид дүрвэгчдийг Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхэд нь туслах боломжтой

Нийтэлсэн

Польш-Беларусийн хил дээр үүсээд байгаа дүрвэгсдийн хямрал намжсан ч бүрэн шийдэгдэх болоогүй байна. Ойрх Дорнодоос ирсэн олон мянган дүрвэгч Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхээр Польш-Беларусийн хил дээр цуглараад байгаа.

Пүрэв гарагт Беларусийн тал дүрвэгчдийг хилээс дотогш нүүлгэх арга хэмжээ авсан тухай Польшийн албаныхан мэдээлж байв. Гэвч өчигдөр дүрвэгчдийн зарим хэсэг нь дахин хилийн орчимд ирж буудалласан тухай мэдээ ирж байна.

Өчигдөр Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко BBC сувагт ярилцлага өгөхдөө хилийн хямралын асуудлаар тайлбар хийжээ.

Өрнөдийнхөн түүнийг Европын Холбоонд тогтворгүй байдал үүсгэх зорилгоор зориуд дүрвэгсдийн урсгал үүсгэх ажлыг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа. “Бид бол слав хүмүүс. Бидэнд зүрх сэтгэл бий. Манай цэргүүд дүрвэгчдийг Германд очих хүсэлтэйг мэдэж байгаа. Тиймээс тэдний зарим нь дүрвэгчдэд тусалсан байхыг үгүйсгэх аргагүй. Ингэсэн байлаа ч би ямар нэг арга хэмжээ авахгүй” гэж Лукашенко ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Би дүрвэгчдийн нүүдэлд саад хийхгүй, зогсоохгүй гэдгээ Европын Холбоонд хэлсэн. Учир нь тэд манай улс руу нэвтрэх гээгүй, өөр улс руу нэвтрэх гэж байна шүү дээ. Нөгөө талаар би тэднийг уриагүй. Беларусийг дүрвэгчдийн дамжин өнгөрөх гарц болгохыг үнэндээ би хүсэхгүй байна” гэсэн юм.

Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Лукашенко 1994 оноос хойш тасралтгүй Беларусийг удирдаж байгаа. Өнгөрсөн онд болсон сонгуулиар тэр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгасан нь гадаад, дотоодоос хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Эсэргүүцлийн жагсаалд оролцсон энгийн иргэдийг цагдаа нар зодож байгааг харуулсан дүрс бичлэгийн талаар асуухад Лукашенко “Би ийм зүйл болсныг хүлээн зөвшөөрч байна. Окрестина дахь хорих газарт хүмүүсийг зодсон тохиолдол бий. Гэхдээ цагдаа нар ч бас иргэдэд зодуулсан. Үүнийг тар нар харуулахгүй байна” гэж хариулжээ.

Энэ оны долдугаар сараас хойш 270 орчим төрийн бус байгууллагыг хааж, үйл ажиллагааг нь хориглосон талаар тайлбарлахдаа тэр “Өрнөдийнхний санхүүжүүлдэг эдгээр хог шаарнуудыг бид бүрэн цэвэрлэх болно. Хөрөнгө зарж байгуулсан бүх тогтолцоог нь эвдэхэд та нар уурлах нь аргагүй” гэж хэлсэн байна.

Одоогийн байдлаар 5,000 орчим дүрвэгч Беларусийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Пүрэв гарагт Иракийн засгийн газар өөрийн иргэдийг татах тусгай нислэг зохион байгуулахад 200 орчим дүрвэгч нутаг буцжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version