Улс төр

Монгол улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 121 дүгээр байрт жагсдаг

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа,

  • Олон улсын жишгийн дагуу онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагад чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, улсын хэмжээнд кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Монгол Улсыг төлөөлөн олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний төвийг тагнуулын байгууллагын бүтцэд,
  • Иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, кибер халдлага, зөрчлийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, олон нийтэд зөвлөмж, мэдээлэл түгээх чиг үүрэг бүхий Нийтийн төвийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд,
  • Тайван цагт батлан хамгаалах үйл ажиллагааны кибер аюулгүй байдал, зэвсэгт хүчний мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шаадрлагатай үед улсын кибер орон зайн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарт зохион байгуулах чиг үүрэг бүхий Зэвсэгт хүчний төвийг зэвсэгт хүчний кибер командлалын бүтцэд,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан саналыг үндэслэн, кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллахаар төсөлд тусгасан гэлээ.

Манай улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 121 дүгээр байрт байгааг тодотгоод Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг өргөтгөөд Үндэсний төв болгосон. Энэ төв дээрээ төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллагуудад халдсан халдлагуудтай тэмцдэг гол үүрэгтэй болгож, кибер халдлагуудыг бүртгэж, хянадаг, зохих арга хэмжээ авдаг эрх, үүргийг энэ байгууллагад олгож байгаа юм.

Exit mobile version