Дэлхий

Пеле өвчний улмаас гэрээсээ гарахаа больжээ

Нийтэлсэн

Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле хэн нэгний тусламжгүйгээр явж чадахгүй болсон тул гэрээсээ гарахаа больсон гэж хүү нь хэллээ. Гурван удаагийн дэлхийн аварга, бүх цаг үеийн агуу хөлбөмбөгчдийн нэг тэрээр өнгөрсөн жил өвчний улмаас эмнэлэгт хэвтээд байсан билээ.

Өдгөө 79 настай тэрээр ташааны асуудлын улмаас тэргэнцэр дээр суух болсон ба түүний хүү Эдиньо “Тэр их ичимхий, ганцаардмал болсон” гэж Глобо телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Пеле хөлбөмбөг тоглосон 21 жилийнхээ хугацаанд 1363 тоглолтод оролцож 1281 гоолыг оруулсан бөгөөд Бразилын шигшээ багийн төлөө 91 тоглолтод, 77 гоол оруулсан юм.

Түүний бие сүүлийн жилүүдэд тун муудаж байгаа ба 2015 онд түрүү булчирхайн мэс засал хийлгэснээс гадна сүүлийн зургаан сарын дотор хоёр ч удаа эмнэлэгт хэвтээд байна.

Пелегийн хүү Эдиньо “Төсөөлөөд үз дээ. Тэр бол хаан. Үргэлж тийм агуу дүр төрхтэй байсан ч өнөөдөр алхаж чадахгүй байна. Үүнээсээ болоод тэр ичиж, гэрээсээ гарахыг хүсэхгүй байгаа юм” гэж ярьжээ.

Ирэх зургаадугаар сард түүний Мексикийн дэлхийн аваргад түрүүлсний 50 жилийн ой тохиох юм.

Эх сурвалж: BBC

Exit mobile version