Дэлхий

Афганистаны Талибанчууд телевизийн цуврал кинонд эмэгтэй хүнийг үзүүлэхийг хориглов

Нийтэлсэн

Энэ оны наймдугаар сард Афганистанд дэглэмээ тогтоосон Талибан хөдөлгөөний засгийн газар өчигдөр телевизийн агуулгатай холбоотой шинэ журам танилцуулжээ.

Шинэ журам нь телевизээр цацагдах мэдээлэл, видео материалыг Исламын хуульд нийцүүлэх зорилготой гэнэ.

Мэдээллийн хөтөлбөрүүдийг эмэгтэй нэвтрүүлэгч хөтлөхийг зөвшөөрсөн ч толгойдоо заавал шашны өмсгөлтэй байхыг журамд заажээ. Шариатын хуульд нийцээгүй кино, цувралыг цацахыг хориглосон байна. Ингэхдээ эмэгтэй дүртэй кино, цувралыг бүрэн хориглож, эрэгтэйчүүд нүцгэн биеэ ил гаргахыг хоригложээ.

Шашныг доромжилсон болон гадаадын соёлыг сурталчилсан агуулгатай шоу, цэнгээний нэвтрүүлгүүдийг бүрэн хориглохоор болсон байна. Афганистаны сэтгүүлчдийн байгууллагын тэргүүн Хужатуллах Мужаддеди шинэ журмыг дагах боломж бараг байхгүй, хэрвээ журам энэ хэвээр хэрэгжиж эхэлбэл ихэнх телевизийн сувгууд хаагдахаар байгааг BBC сувагт шүүмжлэн ярьжээ.

1996-2001 онд Афганистаныг захирч байхдаа Талибанчууд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг бүрэн цуцалж байсан юм.

Энэ удаа тэд өмнөх шигээ эмэгтэйчүүдэд хатуу хандахгүй гэж амлаж байгаа ч нөхцөл байдал эргэлзээтэй хэвээр байна. Одоогоор Талибаны дэглэм сурах орчин нөхцөл тохиромжтой болох хүртэл охид бүсгүйчүүдийг сургуульд явахыг түр хориглоод байгаа юм.

Эх сурвалж: BBC

Exit mobile version