Нийгэм
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалахад ОХУ-тай хамтарна
Уулзалтын эхэнд сайд Н.Уртнасан “Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой” тохиож байгааг онцлоод, хоёр орон байгаль орчны салбарт олон жилийн найрсаг харилцаатай. “Хүрээлэн буй орчныг хамгаалах” анхны хэлэлцээрийг 1974 онд байгуулснаас хойш олон үр дүнтэй ажлууд уламжлал болсныг дурдав.
Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах ажлын хүрээнд 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татаж гаргасан ажилд ОХУ-ын Эрхүү мужийн Байгалийн эрэн хайх, аврах багийнхан зөвлөн, тусалсанд талархал илэрхийллээ. Цаашид Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, татаж гаргах ажил 2022-2024 онд үргэлжилнэ. Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд шинэс, нарс модны үр импортлох боломжийг судалж, ойн үрийн санг бүрдүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал гаргасан юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох, тодорхой маршрут, зураглал гарган дараагийн уулзалтад хэлэлцэхээр боллоо.