Нийгэм
Л.Баярсайхан: ХСҮТ-д бүх хагалгааг төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжлүүлж байна
Нийгмийн сүлжээгээр нэгэн хэрэглэгч “урд хил хаалттай, улс даяараа төлөвлөгөөт ерөнхий мэс засал түр зогсож байна” гэх утгатай зүйл бичсэн байв. Харин уг бичвэрийг өөр нэгэн хэрэглэгч “ХСҮТ-ийн эмч ингэж бичсэн” хэмээн бусдад түгээсэн нь олны анхааралд өртжээ.
Үнэхээр эмнэлгийн хэрэгсэл нь хомсдож, төлөвлөгөөт хагалгаа нь хойшлоод байгаа эсэхийг тодруулахаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай холбогдож асуулаа.
ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Өнөөдрийн байдлаар мэс засал хойшилсон асуудал гараагүй, үйл ажиллагаа хэвийн байна. Би дөнгөж сая тодруулж асуусан. Өнөөдөр бүх хагалгаа төлөвлөгөөний дагуу хэвийн явагдана. Бүр тасраад зогсчихоогүй байна” гэлээ.
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас энэ асуудлаар тодруулахад “Хагалгааны үед булчин суллах үйлчилгээтэй тракриум эмийн асуудал үүссэн. Өнгөрсөн бямба гарагт Айвико компанид тракриум тариа ирсэн” гэв. Эмийн хангамж, татан авалт цаг хугацаандаа явагдаж байгаа эсэхийг тус газраас лавлахад “Ковидтой холбоотойгоор саатаж байна. Гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ, хагалгаанд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг онгоцоор яаралтай журмаар авч, нийлүүлж байгаа. Мөн нэн шаардлагагүй газар нөөц байвал тэндээсээ шилжүүлэх байдлаар үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна” гэв.