Covid-19

Дархлаажуулалтын III тун эсрэг биетийг 1000 дахин нэмдэг

Нийтэлсэн

Сүүлийн нэг сарын турш өдөрт 1000-аар тоологдохуйц халдварын тоог бүртгэж байсан. Тэгвэл нэмэлт тунд хамрагдсанаар энэхүү тоо хоёр дахин буурсан байна.

Тодруулбал, энэ оны наймдугаар сараас эхлэн дархлаажуулалтын III тун буюу нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн билээ. Нэмэлт тунг хийж эхэлснээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч дархлаажуулалтын хамрагдалт муу байгаа аж.

Нэмэлт тунд хамрагдсанаар үзвэр үйлчилгээнд хамрагдаж, үйлчилгээний газрын хугацааг сунгах боломжтойгоос гадна иргэдийн 55 хувь нь нэмэлт тунд хамрагдвал улбар шар түвшинд шилжинэ хэмээн Улсын онцгой комиссоос мэдэгдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дархлаажуулалтын цэгүүдэд иргэдийн нэмэлт тунд хамрагдаж буй идэвх ямар байгааг сурвалжиллаа.

НЭГ ЦЭГТ ӨДӨРТ 100 ОРЧИМ ХҮН НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДАЖ БАЙНА

Нийслэлийн есөн дүүрэгт өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдийг гарган, иргэдийг вакцины тунд хамруулж байгаа. Өдөр бүр 20-30 цэгт, 40 орчим багийн 300 эмч тогтмол ажиллаж, өдөрт 5000 иргэнийг дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангадаг. Гэсэн ч өдөрт 4000 иргэн арай ядан вакцинаа хийлгэдэг аж. “Сандэй” худалдааны төв бол дархлаажуулалтын цэгүүдийн нэг. Тус худалдааны төвийг 13 цагийн үед зорин очив. Ганц, хоёр иргэн вакцинаа хийлгээд 30 минутаа хүлээн сууж байлаа. “Сандэй” худалдааны төвд дархлаажуулалтын нэмэлт тунг хийж буй эмч нар иргэдийн хамрагдалт муу байгааг ам уралдан хэлэв. Иргэдийн зүгээс нэмэлт тунтай холбоотой эерэг сэтгэгдэлгүй байгаа нь дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа гол шалтгаан болж буйг тэд онцолсон юм. “Сандэй” худалдааны төвийн дархлаажуулалтын цэгт сүүлийн хоёр өдөрт 104 хүн хамрагдсан байна.

Нэмэлт тунг хийлгэх иргэд синофарм болон фрайзер вакцинаас сонгон хийлгэж байгаа юм. Тус төвийн хувьд нэмэлт тунд хамрагдаж буй иргэдийн 90 гаруй хувь нь фрайзер вакциныг сонгон хийлгэсэн байна. Мөн өдөрт I болон II тунг хийлгэхээр 1-2 хүн л ирдэг ажээ. Харин “Тэди” худалдааны төвд өдөрт дархлаажуулалтад хамрагдах хүн ховор байдаг байна. Тус төвийн дархлаажуулалтын эмчийн хэлснээр сүүлийн хоёр өдөрт 25 хүн нэмэлт тунг хийлгэжээ.

Зөвхөн энэ хоёр газар гэлтгүй бусад дархлаажуулалтын цэгүүдэд өдөрт 100 орчим хүн л хамрагдаж байгааг эмч нар хэлсэн юм. Эзгүйрсэн дархлаажуулалтын газарт мэр сэр үзэгдэх иргэдийн зүгээс нэмэлт тунг хийлгэхдээ эргэлзсэн, зайлшгүй шаардлагатай болохоор хийлгэсэн талаараа хуваалцав. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд дархлаажуулалтын нэмэлт тунгаа хийлгэсэн иргэн Б.Мөнхзаяа “III тунгаа хийлгэсэн маань үзвэр үйлчилгээнд хамрагдахдаа гол нь биш. Гэртээ цэцэрлэгийн насны хүүхэдтэй. Хүүхэд маань одоохондоо халдвараар өвдөөгүй учраас гэр бүлийнхэн маань нэмэлт тунгаа хийлгэснээр хүүхдээ хамгаалж чадна гэж бодсон” гэв.

ИРГЭД САЙН ДУРААРАА ДӨРӨВ ДЭХ ТУНД ХАМРАГДАЖ БАЙГАА

Улсын хэмжээнд нэмэлт тунгийн хамрагдалт 17 хувьтай байгаа бол нийслэлийн хэмжээнд 26.7 хувьтай байгаа юм. Улсын онцгой комиссын эрдэмтдийн зөвлөлийн багийн нарийн бичгийн дарга О.Батбаяр иргэд IV дэх тунд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгааг онцлон хэлсэн билээ. Тэрбээр “Нэмэлт тунг зайлшгүй хийлгэх шаардлагатай хэд хэдэн үндэслэл бий. Бидний зүгээс нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийж байгаа.

Тухайн хүн нэмэлт тунд хамрагдаагүй байхдаа өвчилсөн тохиолдолд тэр хүнтэй цуг ажиллаж, амьдарч байгаа иргэд эрсдэлд ороод байна. Тиймээс л нэмэлт тунд хамрагдахыг уриалаад байгаа юм. АНУ-д гэхэд л Ерөнхийлөгч нь зарлиг гаргаад төрийн албан хаагчдыг 100 хувь хамруулахаар болсон. Мөн тухайн улсад томоохон компаниуд ажилчдаа тунд хамрагдаагүй бол халах тохиолдлууд ч гараад байгаа. Агаарын тээврийн компаниуд ч ялгаагүй ийм арга хэрэглэж байна. Шалтгаан нь тухайн улсын бизнес, эдийн засагтай холбоотой юм. Манай улсын хувьд ч адил арга барилаар явж байна. Гэхдээ улсынхаа хэмжээнд нэмэлт тунг уриалаад байгаа шалтгаан бол эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахтай холбоотой юм. Эмч нар маань төмрөөр хийсэн хүн биш шүү дээ. Тэд ачааллаа дийлэхгүй ажиллаж байна.

Мөн хил гарахтай холбоотойгоор IV дэх тунгаа хийлгэсэн хүмүүс бий. Энэ тунд хамрагдсан хүмүүс ч цэвэр сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгааг онцлоё” гэсэн юм. Улсын хэмжээнд нэмэлт тунгийн хамрагдалт харьцангуй нэмэгдсэн. Ингэснээр халдварын тохиолдол, нас баралт буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26 хувиар буурсан. Эмнэлгийн ачаалал 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. Нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт нэмэгдэх тусам тохиолдлын тоо багасаж байгаа үр дүн ийнхүү харагдаж байгаа юм. Нэмэлт тунд оюутан залуус одоогоор 22 их дээд сургуулийн 2881 оюутан, 87 байгууллагын 8597 хүн хамрагджээ. Мөн вакцинжуулалтын багийнхан гэрийн асаргааны 1139 хүнийг дархлаажуулсан байна.

НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДСАН ХҮМҮҮСИЙН 0.5 ХУВЬ НЬ ХАЛДВАР АВСАН

Манай улсын хувьд дельта халдварын давлагаа эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байлаа. Дельта хувилбарын хувьд халдварлах чадвар маш өндөр байдаг аж. Уханьд үүссэн эх хувилбартай нь харьцуулахад халдварлах чадвар нь гурав, альфа хувилбартай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Израилийн судалгаанаас харвал гурав дахь тун халдвараас 11, хүндрэл нас баралтаас 10 дахин хамгаалж байна гэх дүгнэлт гарсан. Улсын хэмжээнд нэмэлт тунг хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь нь халдварт өртсөн бол бусдыг нь вакцин хамгаалж байна гэсэн үг.

Халдварт өртлөө гэхэд маш хөнгөн хэлбэрээр тусах юм. III тунг хийлгэсний дараа эсрэг биеийн титр 100-1000 дахин нэмэгддэг. Нэмэлт тун дархлааг сэргээх бус үндсэн вакцинжуулалтын нэг хэсэг. III тунд нийт хүн амын 30-50 хувийг хамруулж байж тохиолдлынхоо тоог бууруулах боломжтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас үзэж байгаа. Тохиолдлын тоо буурна гэдэг нь сүргийн дархлаа тогтоно гэсэн үг. Израиль улсын хүн амынхаа 30 хувийг III тунд хамруулж, халдварын тохиолдлыг 80 хувь бууруулсан шиг бидэнд ч ийм боломж бий.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Exit mobile version