Энтертайнмент
Монголын сагсан бөмбөгийн 10 жилийн талцал дуусгавар болов
Хуваагдмал байдалтай, хоёр лигтэй байсан Монголын сагсан бөмбөг нэгджээ. Өчигдөр/2021.11.22/ гарсан мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгт үүсээд байсан үл ойлголцолд цэг тавьж бүх талууд нэгдэн, нэгдсэн лигт оролцохоор боллоо. 10 гаруй жил үргэлжилсэн сагсан бөмбөгдэх талцал хуваагдал албан ёсоор дуусч, нэг зүгт харж байна.
Монголын Сагсан бөмбөгийн холбоо
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо
Монголын Сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо
Сагсан бөмбөгийн тоглогчдын “Ирээдүй” холбоо
Нэгдсэн лигт 12 баг оролцоно. 10 багийн нэр тодорсон бол нэмэлт хоёр эрхийн төлөөх тоглолтуудыг удахгүй тов зарлан явуулахаар тогтлоо” гэжээ.
Өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөг нэгэн дээвэр дор нэгдэж, нэгдсэн нэг лигтэй боллоо гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Ингээд овоо асуудал намжиж, эргэн тив дэлхийн тэмцээн уралдаанд манай сагсан бөмбөгчид оролцох боллоо гэтэл тамирчдын “Ирээдүй” холбооныхон мэдэгдэл хийсэн. Тус холбооны мэдэгдэлд “Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоорондоо төдийгүй тамирчдын холбоотой нэгдсэн мэт худал мэдээлэл цацаж, Дээд лиг зохион байгуулах мэдэгдэл гаргасан. Бид зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо нэгдэж, албан ёсны хурлаа хийн нэг бичиг баримт, нэг тамга тэмдэгтэй болж шинэчлэгдсэний дараа тэдний зүгээс зохион байгуулах уралдаан тэмцээнд оролцоно” гэв.
Ийнхүү дахин хоёр лиг хоёр өөр газар явагдахаар болж, бэлтгэл ажлууд нь тус тусдаа хангагдаж байсан ч сүүлийн өдрүүдэд талууд санал солилцож, харилцан буулт хийснээр Монголын сагсан бөмбөг удаан хугацааны дараа нэгдсэн Дээд лигтэй болж байна.