Энтертайнмент

Татвараас зугтсан Хятадын сошиал одууд $14 саяын торгууль төлөхөөр болжээ

Нийтэлсэн

Интернэт худалдааны аварга компани Алибаба төвлөрдөг зүүн Хятадын Ханьжоу хотын татварын алба тус улсын сошиал ертөнцийн хоёр алдартанд тус бүр 65.5 сая, 27.7 сая юанийн, нийт $14.5 саятай тэнцэх торгууль оноосноо Даваа гарагт зарлажээ.

Нэг тэрбум интернэт хэрэглэгчтэй Хятад улсад видео дүрс шууд дамжуулах замаар бараа бүтээгдэхүүн сурталчилж, зарах бизнес цэцэглэж байгаа.

Ялангуяа цар тахлын үед хүмүүс онлайн орчинд худалдаа наймаа хийх явдал эрчимжсэн нь үүнд эергээр нөлөөлжээ.

Торгуулсан Жү Чэнхуй, Лин Шаншань нар хувийн ашгаа компанийн ашиг болгон бүртгүүлэх замаар татвар төлөхөөс зайлсхийсэн юм байна. Хятадад өндөр орлоготой хувь хүмүүсийн татварын хувь хэмжээ компанийнхаас өндөр байдаг нь үүнд нөлөөлжээ.

Сошиал одууд төлөөгүй татварын хэмжээнээсээ хоёр дахин их торгуулийг бусад торгуулийн хамт төлөхөөр болсон байна.

Вэйбо сүлжээнд 15 сая дагагчтай Жү Чэнхуй 2019, 2020 онуудад 84.4 сая юанийн орлогоо компанийн нэр дээр бүртгүүлэх замаар 30.4 сая юанийн татвар төлөхөөс зайлсхийсэн тухай Ханьжоу хотын татварын алба мэдээлжээ.

9.6 сая дагагчтай Лин Шаншань ижил аргаар 13.1 сая юанийн татвараас зайлсхийсэн байна.

Эдгээр одууд нэг хэсэг Хятадын интернэт ертөнцийг байлдан дагуулж байсан ч сүүлийн үед өрсөлдөөн нэмэгдэж, шинэ залуу одууд болох Ли Жячи, Вияа нарт тодорхой байр сууриа алдах болсон гэнэ.

Дээр дурдсан хоёр шинэ өрсөлдөгч энэ оны Ганц биечүүдийн баяраар нийлээд 19 тэрбум юанийн барааг нэг өдөрт онлайнаар борлуулсан юм байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар энтертайнмент болон онлайн ертөнцийн инфлүэнсэрүүдийн зохицуулалтын орчныг чангатгаж, татвараас зайлсхийх үзэгдэлтэй хатуу тэмцэж байгаа.

Энэ оны наймдугаар сард Хятадын Худалдааны Яам онлайн видео дамжуулалтын үеэр ямар бараа бүтээгдэхүүн зарж, сурталчилж болохгүйг заасан журам гаргаж байв. Үүнд тагнах төхөөрөмжүүд, сэкс тоглоомууд, гадаадын сонин хэвлэлүүд, эм тан зэргийг багтаажээ.

Дөрөвдүгээр сард тус яам Хятадын интернэт орчныг зохицуулах газартай хамтран гаргасан журамдаа шууд дамжуулалтын үеэр хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох модераторын үүрэг функцтэй болохыг сошиал платформуудад үүрэг болгосон байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

Exit mobile version