Энтертайнмент

Өмнөд Солонгосын сонинд галаас хүний амь аварсан Монгол улсын иргэн эмэгтэйн тухай мэдээлжээ

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын Жүнбү Илбо сонины өнөөдрийн дугаарт солонгос хүний амийг галаас аварсан монгол эмэгтэйн тухай мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш тус улсын Гванжу хотод оршин суудаг Зундуйхүүгийн Ундармаа гэртээ байхдаа гадаа хүний орилох чимээ сонссон байна.

Цонхоо нээж харвал тэдний амьдардаг давхрын дээд давхрын цонхны тавцангаас нэг эрэгтэй дүүжлэгдээд тусламж гуйн орилж байжээ. Энэ үед тэр айлын цонхоор түймрийн утаа гарч байсан гэнэ.

Ундармаа тэр даруй гуравдугаар давхарт байдаг гэрээсээ дөрөвдүгээр давхар руу хувингаар ус зөөж галыг унтраажээ. Азаар түймэр газар аваагүй байсан тул удалгүй унтарсан байна.

Сүүлд гал сөнөөгчид ирж, цонхноос дүүжлэгдсэн иргэнийг буулгасан гэнэ.

Хууль бусаар оршин сууж байсан тул Ундармаа энэ үед баригдахаас айгаад ойролцоо дэлгүүрийн цонхоор аврах ажиллагааг харж зогсжээ.

Аврагдсан иргэн Ким Дон Хён “Би урд өдөр нь гадаа мах шарахад ашиглаж байсан нүүрсийг бүрэн унтарсан гэж бодоод гэртээ оруулсны улмаас гал алдсан. Нурам нь цогтой байсныг мэдээгүй. Галаас зугтаж цонхноос дүүжлэгдэхээс өөр арга байгаагүй юм. Ундармаагийн ачаар аврагдлаа. Би түүнд маш их талархаж байна” гэж ярьсан байна.

Ундармаа 13 жилийн өмнө Өмнөд Солонгост ирээд Гванжу хотын ойролцоо оёдлын үйлдвэрт ажиллах болжээ.

Түүний эмэгтэй дүү солонгос хүнтэй гэрлэж, Өмнөд Солонгосын иргэн болсон юм байна. Анх дүүгийнхээ урилгаар хоёр сарын визтэй ирээд нутаг буцалгүй үлдсэн гэнэ.

Хамт ирсэн нөхөр нь хүүхдүүдээ халамжлахаар буцсан бол Ундармаа ээжтэйгээ үлдэж, ажил хийж олсон мөнгөөр гэр бүлээ тэтгэдэг болжээ.

“Миний хийсэн зүйл намайг Солонгосоос хөөгдөхгүй байхад тус болно гэж найдахгүй байгаа. Ядаж дараа дүүгийндээ зочилж ирэхэд минь ямар нэг саадгүй байгаасай гэж хүсэж байна” гэж Ундармаа өөртэй нь уулзсан сэтгүүлчид ярьсан байна.

Exit mobile version