Улс төр

Монгол улс, АХБ-ны түншлэлийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2021 оны 11 дүгээр сарын 19) – Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон АХБ өндөр түвшний хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгууллаа. Төслөөс үр шим хүртсэн иргэд, аж ахуйн нэгжүүд, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болон бусад хөгжлийн түншүүд энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагаагаа эргэн харж, ололт амжилтуудаа бататган, туршлагаа хуваалцаж, түншлэлийн цаашдын зорилгоо тодорхойллоо.

“30 жил гэдэг томоохон өөрчлөн шинэчлэлт хийхэд ахархан хугацаа хэдий ч Монгол Улс өнгөрсөн 30 жилд гайхамшигтай өөрчлөлтийг хийж чадсан. Энэ хугацаанд Монгол Улсад хувийн хэвшил цэцэглэн хөгжиж, зах зээлд суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтсон” хэмээн АХБ-ны Дэд Ерөнхийлөгч Ахмед М.Саеид хэлээд “АХБ цаашид Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, өрсөлдөх чадвар бүхий ногоон эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ хосгүй үзэсгэлэнтэй газар нутаг, байгалийн баялгаа хамгаалах үйлсэд нь дэмжлэг үзүүлсээр байх болно.” хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүүхэд залуусын төлөөлөл болсон 150 гаруй оролцогчид энэхүү арга хэмжээний үеэр улс орны хөгжил, дэвшлийн талаар санал бодлоо хуваалцав. “Монголчууд: Нүүдэл, суудал” номын зохиогч Б.Батбаяр (Баабар) болон Монгол Улсын Сангийн сайд, АХБ-нд Монгол Улсыг төлөөлсөн захирагч Б.Жавхлан нар илтгэлдээ Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжлийн замнал, онцлох үйл явдлууд болон АХБ-ны оруулсан хувь нэмрийг онцоллоо.

“Монгол Улс 1991 онд АХБ-нд гишүүнээр элссэн цагаас нийгэм, эдийн засгийн олон салбарын хөгжилд энэхүү түншлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” хэмээн Монгол Улсын Сангийн сайд, АХБ-нд Монгол Улсыг төлөөлсөн захирагч Б.Жавхлан хэлээд “Эдийн засгийн мөчлөг, дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг, КОВИД-19 цар тахал зэрэг бүхий л цаг үед АХБ бидний найдвартай түнш байж, дэмжиж тусалсаар ирсэн” хэмээв.

Өнгөрсөн 30 жилд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцооны бүхий л чиглэлд гарсан өөрчлөлтүүд ба тэдгээрээс авсан сургамжуудыг дүгнэх “Өнгөрснөөс суралцах нь” сэдэвт хэлэлцүүлгээр арга хэмжээ үргэлжлэв. “Хувийн хэвшлийн хөгжлийн төлөв, боломж, сорилт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэхэд бизнесийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнүүд, нийлүүлэлтийн гинжин хэлхээний хүчин чадал болон дэд бүтцийн сүлжээ нэн чухал болохыг тэмдэглэсэн юм.

“Төслийн хэрэгжилтээс суралцах нь” хэсэгт АХБ-ны санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтэнд оролцож буй талууд туршлага, сургамжаас хуваалцаж, цаашдын төслүүдэд авч хэрэгжүүлж болохуйц зөвлөмжүүдийг танилцууллаа. Мөн АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдээс үр шим хүртсэн иргэдийн төлөөлөл өөрсдийн сэтгэгдлээ хуваалцав.

Арга хэмжээний үеэр АХБ-наас санхүүжүүлсэн төслүүдийн амжилтын түүхийг өгүүлэх “Хөгжлийн төлөө хамтдаа” бүтээлийг олон нийтэд танилцууллаа. АХБ тус номоор дамжуулан Монгол Улсын цаашдын хөгжлийн замналыг тодорхойлох хэлэлцүүлэгт түлхэц үзүүлэхийг зорьсон байна.

АХБ 1991-2020 онд нийт 3.6 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг Монгол Улсад зориулан баталсан байна. Засгийн газрын санхүүжилтээс гадна АХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд хамтран ажиллаж, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбаруудад зээл олгож буйгаас гадна Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөрөө дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд болон түншлэгч банкуудад санхүүжилт олгодог.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Exit mobile version