Улс төр

С.Амарсайхан: Оросын талаас Эгийн голын усан цахилгаан станцын төслийг зогсоох талаар яриагүй

Нийтэлсэн

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко саяхан манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Тус хуралдааны үр дүнгийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэгдүгээрт, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах, III цахилгаан станцын өргөтгөлийг барих.

Хоёрдугаарт, төмөр замын салбарыг өргөтгөх, шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах талаар хоёр тал ярилцаж тохирсон. Энэ дунд мэдээж тарифын асуудал яригдсан. Хоёр тал 2025 он хүртэл үе шаттайгаар тарифын шинэчлэл хийх боломжтой гэж үзсэн.

Гуравдугаарт, газрын тосны салбарт тэр дундаа шинэ нисэх онгоцны буудлын агаарын тээврийн шатахууныг нийлүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн.

Мөн хийн хоолойн төслийг үргэлжлүүлэх, байгаль орчин, экологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах асуудлыг ярилцсан.

-Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг үргэлжлүүлэхийг Оросын тал эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Та үүнд тодорхой хариулт өгөөч?

-Монгол Улс хоёр хөрштэйгөө болон бусад улс орнуудтай үр өгөөжтэй хамтарч ажиллах бодлого баримталж ирсэн.

Эгийн голын усан цахилгаан станц болон эрчим хүчний бусад цогцолборуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал өргөн хүрээнд яригдсан. Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд хоёр тал байр сууриа харилцан адилгүй илэрхийлж ирсэн.

Манай талаас дунд болон их оврын усан цахилгаан станцуудыг барьж байгуулах, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах, судалгаа хийхээс гадна техник технологийн асуудлыг шийдвэрлэх саналуудыг тавьж байгаа.

Харин ОХУ-ын талаас Эгийн голын усан цахилган станцыг барьсан тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир энэ төсөлд оролцох эсэхээ тодорхой хэлэх боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн.

Тиймээс хоёр тал уг төсөл хэрэгжиж эхэлснээр байгаль орчин үзүүлэх нөлөө, хил орчмын гол горхины урсацыг хадгалахын тулд хамтарч судалгаа хийе гэдэг дээр нэгдсэн. Түүнээс биш нэг нь тулгаж шаардаад нөгөө нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй.

Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд хоёр тал хоёулаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай байгаа.

Бид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Оюутолгойн цахилгаан станц, IV цахилгаан станц зэрэг ажлуудаа үргэлжлүүлээд явж байгаа. Үүн дээр ноцтой үл ойлголцох асуудал байхгүй гэдгийг хэлье.

-Оросын талаас биднийг Эгийн голын усан цахилгаан станцын төслөө зогсоовол бусад бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярилцсан гэдэг мэдээлэл байна.

-Тийм асуудал байхгүй. Хөрш орнуудтай холбоотой асуудалд иргэд маань албаны эх сурвалжаас мэдээлэл авч байхыг хүсье.

Exit mobile version