Дэлхий

Аун Сан Су Чид 100 жилийн хорих ял оноож болзошгүй

Нийтэлсэн

Мьянмарт гарсан цэргийн эргэлтийн үеэр баривчлагдсан Ан Сан Су Чид нийт 100 жил хорих ял оноож болзошгүй байна гэж Японы Киодо агентлаг мэдээлжээ.

Мягмар гарагт /2021.11.30/ Ан Сан Су Чид авлигын шинэ хэрэг тулгасан байна. Мөн өдөр шүүхийн шийдвэр гарах ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл хойшлуулжээ.

Ан Сан Су Чид /76 настай/ Мьянмарыг Их Британийн колоничлолд байх үед баталж байсан төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн зэрэг нийт 10 эрүүгийн хэрэг тулгаад байна. Түүнд тулгаж буй гол хэрэг нь нисдэг тэрэг худалдан авахдаа улсын мөнгийг үрсэн, 600 мянган ам.долларын авлига, алтан эдлэл авсан зэрэг авлигатай холбоотой хэргүүд байгаа юм.

Ан Сан Су Чи төрийн зөвлөхийн хувьд Мьянмарын иргэний Засгийн газрыг удирдаж байв. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд тус улсад гарсан цэргийн эргэлтийн үеэр түүнийг баривчилсан билээ. Зэвсэгт хүчний командлал онц байдал тогтоож, 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийн дүнг будлиантуулсан гэж буруутган иргэний Засгийн газрыг унагасан. Тус сонгуульд Ан Сан Су Чиний тэргүүлдэг Ардчиллын төлөөх үндэсний лига нам илт давуу ялсан юм.

Exit mobile version