Боловсрол

Л.Энх-Амгалан: Сурагчид энэ сарын 10-наас 100 хувь цахимаар хичээллэнэ

Нийтэлсэн

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчид энэ сарын 10-наас 100 хувь цахимаар хичээллэх нөхцөл байдал үүссэн талаар мэдээллээ.

Тэрээр “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтын талаар хэлэлцсэн. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт буюу 10-ныг хүртэл танхимаар хичээллээд түүнээс хойш 100 хувь цахим болгох талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл үнсэндээ 12-хон хоног үлдсэн учир ирэх долоо хоногт танхимаар хичээллээд түүний дараа амрах хүртлээ бүгд цахимаар хичээллэнэ. Гэхдээ амралт эхлэх хугацааг наашлуулахгүй. ЕБС-ийн сурагчид энэ сарын 18-наас 2022 оны  хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна.

Мөн цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийг 12-р сарын 10-наас хойш буюу Цагаан сар хүртэл танхимын бус сургалттай болгох нөхцөл байдал үүсээд байна.

Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас ЕБС-ийн сургалтыг 100 хувь цахим болгох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна, гуравдугаар тунд хамруулах шаардлага байгаа, омикрон шинэ хувилбар дэгдэх эрсдэл байгаа учраас хичээл сургуулийн хувилбаруудыг танилцуулахаар болсон.

Харин Их дээд сургуулийн шалгалт 12-р сарын 6-наас эхэлж 2022 оны нэгдүгээр сарын 10-н хүртэл үргэлжилнэ.  Тиймээс оюутнууд 12-р сарын 10-н хүртэл хичээллэж, вакциндаа хамрагдаад амарна. Одоогоор 119 мянган оюутны 40 мянга нь гурав дахь тундаа хамрагджээ. Тиймээс 12-р сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд цахимаар өгч болох боломжтой зарим  шалгалтыг авч, хоёрдугаар сарын 1-нээс хойш буюу Цагаан сарын баярын нөхцөл байдлыг харгалзан авах нөхцөл байдал үүссэн. Эцсийн шийдвэр гараагүй байгаа ба ирэх даваа гарагт тодорхой болно” гэлээ.

Exit mobile version