Улс төр
Булганчууд Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн талаар Шүүхэд хандахаар болжээ
Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 60 километрийн урттай усны татуурга хоолой тавьж буй. Уг усны татуурга хоолойг тавих тендерийг “Хаппи бьюлдинг” ХХК, “Бридж констракшн” ХХК-иуд авчээ. Эдгээр компаниуд ажилчдын гэр кемпээ байгуулахдаа сумын ИТХ-ын даргад хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн газар ашигласан аж.
Түүгээр ч зогсохгүй “Бридж констракшн”ХХК-ийн удирдлагууд усны татуурга, хоолой тавих үйл ажиллагаандаа Хангал сумын багийн “Сант” гэх байгалийн үзэсгэлэнтэй, эрүүл тэгш газраас элс, чулуу ашиглаж байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулжээ. Нутгийн иргэд энэхүү асуудлын талаар энэ оны есдүгээр сараас эхлэн аймгийн Засаг даргадаа хандаж, гомдол мэлээллийг бичгээр хүргүүлсэн байна.
Гэтэл Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ орон нутгийнхаа иргэдийг үл тоомсорлож, өнөөдрийг хүртэл хариу бичиг ирүүлээгүй бөгөөд байгаль орчныг сүйтгэж буй Бридж констракшн” ХХК-ийн удирдлагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр, “Бридж констракшн” ХХК-ийн удирдлагууд нь жудогийн холбоонд хамааралтай байсан байж болзошгүй гэх тул Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн нутгийн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан, хууль зөрчсөн компанийн үйл ажиллагааг таслан зогсоохгүй, иргэдээсээ бултаж, зугатаж гүйх болсон шалтгааныг үүнтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.
Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн хариуг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, хүнд суртал гаргасан, хариуцлагагүй хандсан тул нутгийн иргэд нь Захиргааны хэргийн Шүүхэд нэхэмжлэл гаргаж, Шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр болжээ.
Сэтгүүлч: Д.Туяа