CRI Монгол радио
Владимир Путин зэвсгийн наймаанд гарын үсэг зурахаар Энэтхэгт айлчилна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зэр зэвсэг нийлүүлэх, эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар өнөөдөр Энэтхэгийг зорьж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Тэрбээр цар тахал эхэлсэн цагаас хойш хоёр дахь удаагаа гадаад айлчлал хийх гэж байна.
Энэ оны зургаадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар Швейцарын Женев хотод очсон нь Путиний эхний гадаад айлчлал байв.
Энэтхэг улс ОХУ-аас С-400 пуужингаас хамгаалах системийг $5.4 тэрбумаар худалдан авч байгаа юм. Ингэснээр Энэтхэг улс АНУ-ын хоригоор шийтгүүлж магадгүй болоод байгаа.
Өмнө нь NATO-гийн гишүүн Турк улс ийм систем худалдаж авсныхаа төлөө АНУ-ын CAATSA (Countering America’s Adversaries Through Sanctions Act) хуулийн дагуу Вашингтоны засаг захиргааны шийтгэлийг амсаж байв.
Цагаан ордон одоогоор өөрийн холбоотон Энэтхэгийн эсрэг хориг арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Уг зэвсгийг Хятад улсын халдлагаас хамгаалах зорилгоор ашиглах тул АНУ хоригоосоо чөлөөлөх боломжтой гэсэн хүлээлт Энэтхэгийн талд байгаа юм.
Энэтхэгийн батлан хамгаалахын дэд сайд Ажай Бхатт өнгөрсөн долоо хоногт парламентад үг хэлэхдээ АНУ-ын зүгээс хориг тавьж болзошгүйг мэдэж байгаа ч үндэсний эрх ашигтаа үндэслэн “бие даасан шийдвэр” гаргана гэжээ.
“С-400 бол маш өргөн газар нутгийг найдвартай хамгаалах чадвартай систем. Үүний үр дүнд манай улсын агаарын довтолгооноос хамгаалах чадвар эрс дээшлэх юм” гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн хамгийн том ардчилсан улс Энэтхэг нь бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой дөрвийн бүлгийн нэг гишүүн бөгөөд АНУ-ын хувьд чухал холбоотон юм.
Дөрвийн бүлэгт Энэтхэгээс гадна АНУ, Япон, Австрали багтаж байгаа.
Энэтхэг улс шинэ С-400 системийг газар нутгийнхаа баруун хойд хэсэгт Хятад, Пакистантай маргаантай хилийн ойролцоо байрлуулах гэнэ. Ирэх оны эхээр ашиглалтад орох системийг 2023 он хүртэл өргөтгөж дуусах ажээ.
ОХУ нь Энэтхэгийн хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд 2016-2020 онуудад бүх зэр зэвсгийнх нь экспортын 23 хувийг эзэлсэн байна.
Гэвч 2011-2015 онуудад Энэтхэг улсын гадаадаас авсан нийт зэвсгийн 70 хувь ОХУ-аас нийлүүлэгдэж байснаа 2016-2020 онуудад 49 хувь болж буурчээ.
Энэтхэг улс сүүлийн жилүүдэд Зөвлөлтийн үеийн хуучин зэвсэг техникээ АНУ, Франц, Израиль зэрэг улсуудын орчин үеийн зэвсгээр шинэчилсэн нь үүнтэй холбоотой.
Путиний айлчлалд гадаад хэргийн сайд Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нар дагалдах юм байна.
Айлчлалын үеэр Энэтхэгийн талтай нийт 10 гэрээнд гарын үсэг зурах тухай Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв.
Эх сурвалж: ТАСС, Times of India