Улс төр
Д.Тогтохсүрэн: МАН-ын Их хурлаас ДОЛООН ТОГТООЛ баталж гаргалаа
МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор хурал түр завсарлаад байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Одоогоор есөн асуудлыг нь хэлэлцээд байна. Ганц асуудал үлдсэн нь намын Бага хурлын асуудал байна. МАН-ын даргаар өчигдөр Л.Оюун-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 99.67 хувийн саналаар батламжилсан. Ингэснээр МАН-ын дарга намынхаа 30 дахь Их хурлаар 30 дахь дарга болж байна. Хэд, хэдэн чухал шийдвэрийг гаргасан. Нийт долоон тогтоол гаргасан. Нэгдүгээрт, намын даргын илтгэлтэй холбоотой “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой хоёрт тогтоол гарсан. Нэг нь, МАН-ын 100 жилийн ойн тогтоол байлаа. Энэ бол намын дотоод амьдралтай холбоотой, өнгөрсөн 100 жилд МАН-ын гүйцэтгэсэн үүрэг, цаашдаа тавьж байгаа зорилттой холбоотой. Нөгөө нь, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэлтэй холбоотой “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой есөн зүйл, заалт бүхий тогтоол гарсан. Энэ тогтоол бол УИХ, Засгийн газарт чиглэл өгсөн, өчигдрийн намын даргын илтгэлд тусгагдсан эдийн засгийг сэргээх зургаан зүйл бүхий томоохон зорилтыг багтаасан тогтоол юм” гэв.
Түүнчлэн “Намын Хяналтын хорооны тайлан илтгэлтэй холбоотой, Д.Амарбаясгалангийн илтгэлтэй холбоотой ажлын тайлан зэрэг дөрвөн тогтоолыг баталж гаргасан. Нам цахим нам болсон, УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилттай он жил байлаа гэж ажлаа дүгнэлээ. Намаас томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтоол гарсан. Манай намаас нэр дэвшиж, албан тушаалд ажиллаж байгаа 2000 гаруй хүн бий. Тэдний хариуцлагыг дээшлүүлэх асуудад бий. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдагдсан Хүний эрхийн хууль эрх зүйн асуудалтай холбоотой тогтоол гарсан. Мөн Авлигын эсрэг эрх зүйн орчныг сайжруулах тогтоолыг баталж гаргалаа. Ер нь, өмнө нь хэлэлцэж байгаагүй асуудал бол хүний эрх, авлигатай тэмцэх асуудал байгаа юм” гэх мэдээллийг өглөө.