Нийгэм
Т.Сүхбаатар: Монголын зэвсэгт хүчин ялаагүй бол тусгаар тогтнол хагас зуунаар хойшлох байсан
Монголын 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал бол ХХ зууны түүхэн дахь хамгийн дэвшилтэт үйл явдал мөн билээ. Энэ хувьсгалын үр дүнд монголчууд шинэ нийгэм журамд шилжин орсон байдаг. Энэ хувьсгалын гол хүч нь яах аргагүй шинэ тутам байгуулагдсан Монголын зэвсэгт хүчин түүний гүйцэтгэсэн түүхэн үүрэг юм. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг таширалдуулж 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалд зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүрэг сэдвээр ярилцлаа. Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүхч, Цэргийн түүх судлалын төвийн дарга, түүхэн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар манай сонины зочин хойморт уригдсан юм.
-Хувьсгал бол нийгмийн өөрчлөлтийн тод томруун илэрхийлэл бөгөөд хувьсгалын үр дүнд нийгмийн суурь харилцаа бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж түрүүчийн эрин үе төгсөж шинэ эрин үе эхэлдэг. ХХ зууны Монголын түүхийн хамгийн чухал үйл явдал бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал байсан. Үүнийг түүхэн талаас нь юу гэж тайлбарладаг вэ?
-ХХ зууны Монголын түүхийн хамгийн чухал үйл явдал бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал билээ. Энэ л хувьсгалын үр дүнд Монголчууд бид хоцрогдсон буурай хамжлага бүс нутгаас туурга тусгаар бүрэн эрхт улс болох замаа эхлэн олон улсад тусгаар тогтносон Монгол хэмээх нэгэн нэрийг гаргах эхлэлийг тавьсан юм. Монголчууд бид 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг эхлүүлсэн ч удалгүй Хятадын цэргийн эрхтнүүдийн хөлд өртөж автономит эрхээ алдаж өөрийн зэвсэгт хүчнээ үгүй хийлгэсэн гашуун түүхтэй. Гэвч энэ мэт үйл явдал нэг хоёр жилээс хэтрэхгүй хэмээн ихэс дээдэс таамаглаж байсан нь үнэн болж хувирсан юм.
Хувьсгал эхлүүлэхийн тулд хөрөнгө санхүү, зэр зэвсэг, цэрэг эрс хэрэгтэй байдаг нь зайлшгүй үнэн билээ. Хувьсгалын төлөө арми, ард түмэн, төр засгийн байгууллагууд хамтдаа тэмцэх, хамтран ажилласан тохиолдолд амжилтад хүрдэг.Тэрнээс буун дуу гаргалгүй хувьсгал хийнэ гэдэг тэртээ ХХ зууны эхний хагас зуун жилд л харагдах нийтлэг үзэгдэл. Тиймдээ ч ХХ зууныг хувьсгалын зуун хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй юм. Харин ХХI зуунд л буун дуу гаргалгүй, оюуны хувьсгал хийх боломжтой болсон. Хувьсгалын гол хүч бол мэдээж цэрэг эрс. Энэ нөхцөл байдал ч хувьсгалын эхэн үед зайлшгүй гарч ирсэн юм.
-Хувьсгалын үед хойд хөршөөс ямар үүрэг оролцоотой ажилласан бэ?
-Хятадын тал 1919 онд Монгол цэргийн зэр зэвсгийг хураан авсан төдийгүй тэдгээр нь 1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн Хүрээг довтлох үед тэдний гарт орсон юм. Иймд гар хоосон шахуу хувьсгалчид гаднаас л зэвсэг ямар нэгэн аргаар олж авахаар шийдэн шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Тухайн үеийн Монголд туслах ганц бодит хүчин нь Зөвлөлт Орос Улс /ЗОУ/ байсан юм. Орос улс нь өөрөө дотооддоо иргэний дайнтай мөн хаант Оросоос өвлөн авсан гадаад бодлогод нь Монгол Хятадын нэг хэсэг гэж тусгагдсан. Гэсэн хэдий ч алс дорнод дахь нөхцөл байдлаас улбаалан Монголд шууд ил биш ч гэсэн далдуур туслахаар шийдсэн юм.
Энэ нь тухайн үеийн ЗОУ-ын геополитикийн бодлогын нэг илрэл болдог. Орос улс Монголд шууд цэргийн туслалцаа үзүүлэх бололцоогүй байсан учир шаардлагатай зэр зэвсэг цэргийн зөвлөхөөр туслан Монголчууд бид өөрсдийн үндэсний зэвсэгт хүчнийг бий болгох шаардлагатай болжээ. Ингээд ЗОУ-с винтов 750, сум 150 мянга шахам, бусад хүнд, хөнгөн пулемёт, гар бөмбөгийг 1921 оны хоёрдугаар сард ардын журамт цэрэгт хүлээлгэн өгсөн байна.
Хувьсгалчид 1921 оны эхээс цэрэг цуглуулах ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хуучин цэрэг байсан болон арван тавны цагдаа, хилийн харуул, зангиуд, энгийн ард иргэдийг нэгтгэн Ардын журамт цэрэг хэмээх цэргийн нэгдлийг байгуулсан юм. Ингэснээр ардын хувьсгалын гол үйл хэрэг шинэ тутам байгуулагдсан Монголын зэвсэгт хүчинд оногдсон юм.
-Ардын хувьсгалын туршид болсон бүхий л байлдааны ажиллагаанд шинэ тулгар байгуулагдсан Зэвсэгт хүчин ямар үүрэгтэй оролцсон бэ?
-Зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүргийг дөрвөн түвшинд авч үзэх нь зүйтэй юм. Үүнд нэгт, Хиагтыг чөлөөлөх тулалдаан буюу хувьсгалын эхлэл, хоёрт Нийслэл хүрээг чөлөөлөх тулалдаан буюу стратегийн ялалт, гуравт Зүүн хязгаарыг чөлөөлөх үйл ажиллагаа, гуравт Баруун хязгаарыг чөлөөлөх байлдааны ажиллагаа буюу хувьсгалын бэхжилт юм. Ардын журамт цэрэг нь ХХ зууны Монголын орчин цагийн зэвсэгт хүчний хөгжлийн эх үндэс болон өнөөг хүртэл цэцэглэн хөгжиж байна.
Шинэ цагийн зэвсэгт хүчин буюу ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөн шинэ цагийн эхлэлийг бий болгожээ. Хиагтын байлдаанд ардын журамт цэрэг ялалт байгуулсны улс төрийн ач холбогдлыг өндөр үнэлэх ёстой. Тухайн үед Хиагтад Хятадын гамин цэргийн багагүй хүчин бөөгнөрөөд байсан юм. 1921 оны хоёрдугаар сард Хүрээнээс хөөгдсөн гамингийн үлдэгдэл болон Хиагт хотноо байсан цэргүүд нийлээд 2500 орчим хүн болоод байсан ба энэ нь нэлээд аюултай хүчин гэж үзэж болно. Үүний эсрэг 400 орчим хүнтэй ардын журамт цэрэг байлдан ялалт байгуулсан нь түүхэн үйл явдал болсон байна.
Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтыг чөлөөлөөд улмаар зургаадугаар сарын 28-нд Нийслэл хүрээг чөлөөлөхөөр хөдөлсөн бөгөөд долоодугаар сарын 8-нд хүрээнд орж ирснээр стратегийн давуу байдлыг бий болгож чадсан юм. Хүрээг эзлэн авсан нь ардын хувьсгал ялахад улс төр нийгмийн өндөр ач холбогдолтой үйл явдал болжээ. Хүрээг тулалдаангүй эзлэн авсан учир шалтгаан нь Ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийн цэргүүдийн сүр хүчнээс цагаантны цэргүүд айн хулчийн одсон үйл явдлаар тайлагдана. Ар араасаа ялалтын сүр хүч суу алдрыг дагуулсан цэргийн хүчнээс дайсан эмээх нь зүй ёсны хэрэг билээ.
-Ардын хувьсгалын партизан цол хүртсэн хүмүүсийн намтрын судалгаанаас харахад нийт цэргийн 70 гаруй хувь нь ард ангийн төлөөлөгчид байсан гэдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа юу?
-Улс орныг чөлөөлөх тэмцлийг ялалтад хүргэсэн гол хүч байсан бөгөөд нийгэм, ангийн бүрэлдэхүүн, засаг захиргааны харьяаллаар Монгол орон, Монголын нийгмийг бүрэн төлөөлж чадаж байжээ. Ардын хувьсгалын партизан цол хүртсэн Монгол Улсын харьяат 960 хүний намтрын судалгаанаас харахад нийт цэргийн 73 хувь нь ард ангийн төлөөлөгчид, дөрвөн хувь нь лам хувраг, мөн гурван хувь нь залан, занги, түшмэл, ноёд зэрэг нийгмийн дээд давхрааныхан, үлдсэн хувь нь нийгмийн гарал тодорхойгүй хүмүүс байна.
Засаг захиргааны харьяаллаар журамт цэрэгт элсэгчид нь Халх дөрвөн аймаг, Шавь таван газар, Ховдын хязгаар, Хөвсгөлийн дархад, Дарьганга, Дөрвөдийн аймаг, казахын хошууд зэрэг бүх Монгол нутгийг хамарсан нь олон ястан үндэстний төлөөлөгчид үндэс угсаагаа хамгаалан эх орноо чөлөөлөх тэмцлийн гол хүч болж байсныг илтгэнэ.
Энэ тэмцэлд оролцогсдын 57 хувь нь хувийн уналга морь, зэр зэвсэгтэйгээ цэрэгт сайн дураар элсэгчид, 21 хувийг хошуу нутгаас дайчлагсад эзэлж байсны хамт Хаант Монгол Улсын үед эх орноо хамгаалан хятадын цэргийн эсрэг удаа дараа тэмцэж явсан дайчин эрс, хуучин цэргүүд нийт бие бүрэлдэхүүний тавны нэг орчим нь байсан байдаг.
-Хувьсгалт тэмцлийн явцад хэд хэдэн томоохон тулалдаан болсон байдаг. Тулаан тус бүрээр ярихад л далайцтай судалгааны бүтээл гарахаар шүү дээ…
-Монгол орны зүүн хязгаарт нүүрлэсэн цагаантны цэргийг устгах үйл ажиллагаа байсан юм. Зүүн хязгаарт тухайн үед Манжуурыг зорьсон цагаан цэргийн үлдэгдэл болон Хятадын талыг баримтлагч Жодовжав амбатан, мөн Хиагт орчимд бут цохиулсан Баяр гүний үлдэгдэл цэргээр хүчээ нэмсэн Найданжав вангийн цэргүүд бөөгнөрч байжээ. Зүүн хязгаарыг цэвэрлэх ажиллагааг М.Дугаржав, Г.Бумцэнд тэргүүтэй нөхөд хариуцан ажиллаж 1921 оны долоодугаар сараас аравдугаар сар хүртэл байлдааны ажиллагааг явуулсан юм. Энэ хугацаанд Сан Бэйсийн хүрээг Алс дорнодын бүгд найрамдах улсын цэргүүдтэй хамтран чөлөөлж Тамсагбулагийн чиглэлд явж байсан цагаантны Островскийтой байлдаж бут цохин улсын хилийн цаана үлдэн хөөсөн. Улмаар Хоботовын цэргүүдтэй байлдан бут цохин хил давуулснаар зүүн хязгаарын байлдааны ажиллагаа дуусан ард түмэн амар амгалан байдлыг олсон. Монголын зүүн хязгаарыг чөлөөлсний дараах хамгийн хүнд хэцүү томоохон ажиллагаа бол баруун хязгаарыг илбэн тохинуулах ажиллагаа болсон юм.
Баруун хязгаарт ардын засгийн газраас хяналт тавьж чадаагүй байсан явдал нь тэнд цагаантны цэргүүд дураараа авирлах боломжийг бий болгож өгчээ. Баруун хязгаарын нөхцөл байдал туйлийн хүнд байлаа. Тэнд цагаантны Кайгородовын 700-аад хүнтэй отряд, генерал Бакич, хурандаа Казанцев нарын гэх мэтээр нийтдээ 2500 орчим цагаантны цэргүүд бөөгнөрч байжээ. Энэ бол Монгол оронд нэвтрэн орсон цагаантны цэргийн хамгийн томоохон хүчинд тооцогдож байжээ.
Ардын түр засгийн газраас Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж нарыг баруун хязгаарт томилсон бөгөөд тэд нутгийн ард иргэдээс цэргийн хүчээ бэхжүүлэн С.Хатанбаатарын удирдсан цэргүүд туслан баруун хязгаарт байлдааны ажиллагаа явуулжээ. Үүнээс хамгийн алдартай том тулалдаан нь Толбо нуурын бүслэлт хэмээх есдүгээр сарын 12-нд эхэлсэн 42 хоногийн хориглолт юм. Ардын журамт цэрэг зөвлөлтийн улаан армийн хамт хориглолтоос гарсны дараагаар цагаантны хүч суларч улмаар генерал Бакич баривчлагдан үлдэгдэл хэсэг нь бут цохиулсаар гамин, цагаантнаас эх орноо чөлөөлөхийн төлөө Ардын журамт цэргийн хийсэн байлдааны ажиллагаа 1921 оны эцсээр үндсэндээ дуусжээ.
Монгол ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх явцдаа дангаараа болон Зөвлөлт Оросын улаан цэрэгтэй хүчин хавсрах, орон нутгийн баг цэргийн ба хязгаарын монгол цэргийн хүч дэмжлэгтэйгээр 200 орчим байлдаан хийж түүхэн ялалт авчирсан юм. Журамт цэргүүд байлдааны үндсэн үүргээ биелүүлэн эх орноо чөлөөлөх ялалт байгуулсан уг сурвалж нь үечилж үзвэл, нэгт бүрэлдэхүүний хувьд нийгмийн янз бүрийн анги, давхаргын төлөөлөгчдийг эгнээндээ багтааж, ард олны эрх ашгийг бүрэн илэрхийлж, тэдний тусламж дэмжлэгэнд тулгуурлаж байсан. Хоёрт, Монголын нийт ард түмний амин чухал зорилт болсон улс үндэсний эрх чөлөөг байлдан олох тэмцлийн зорилгыг гүнээ мэдрэн түүнд улс гүрний тусгаар тогтнолын баталгаа болох цэргийн үнэ цэн, гүйцэтгэх үүргийг ойлгож чадсан. Гуравт, цэргийн анги, хороодын дарга нарын удирдах хэсгийн гол цөм нь урьд цэргийн хэрэгт дадлага олсон хуучин цэргийн туршлагатай албан хаагчид байсан. Дөрөвт, журамт цэргийн улс орноо чөлөөлөх хүнд хэцүү тэмцэлдээ ЗОУ-ын улаан цэрэгтэй цэрэг, улс төрийн холбоо байгуулан тусламж дэмжлэгийг авсан. Тавд, эл цэрэг нь бүр эхнээсээ МАН, Ардын түр засгийн газрын удирдлагаар үйл ажиллагаагаа явуулж байсанд оршино.
-Хувьсгал нь хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашгийн нэгдэлд суурилсан бөгөөд улс хоорондын харилцааны ерөнхий хэм хэмжээний хүрээнд хэрэгжсэн юм шиг санагддаг?
-Монгол, Оросын цэрэг, улс төрийн холбоо нь монголчуудын хувьд үндэсний тусгаар тогтнолоо олох, эх орноо чөлөөлөх журамт цэргийн тэмцлийн ялалтыг түргэтгэх хүчин зүйлүүдийн нэг болсноор чухал ач холбогдолтой болж хөрш зэргэлдээ Монголын нутаг дэвсгэр дээр Зөвлөлт засгийн дайсан Барон Унгернийг дарж устгасан нь Зөвлөлтийн ард түмний Алс Дорнодын аюулгүй байдлыг хангах, цагаантан, түүний хань хамсаатнаас чөлөөлөх тэмцлийг ихээхэн хөнгөвчилж өгсөнөөрөө дэм тус болсон юм.
Энэ хувьсгал Монголын ард түмний хувь заяанд түүхэн эргэлт хийсэн бөгөөд ХХ зуунд монголчууд дорой буурай үгээгүй хоосноос үсрэнгүй хөгжсөн түүх бол 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын гол үр дүн мөн. Уг үр дүнг бий болгоход ардын журамт цэрэг, шинэ тутам байгуулагдсан Монголын зэвсэгт хүчин голлох үүрэгтэй оролцжээ. Цаашлаад хувьсгалын үр дүнд олж авсан эрх чөлөөгөө гадны хүчнүүдэд алдахгүй байх нь төрийн бодлогын цөм болж байсан ба зэвсэгт хүчин энэ бодлогыг гол хэрэгжүүлэгч нь болсон юм.
-Эцэст нь дүгнэхэд Монголын ард түмний хувь заяаг шийдсэн 1921 оны ардын хувьсгалд Монголын зэвсэгт хүчин хамгийн голлох үүрэгтэй оролцож ачааны хүндийг үүрчээ. Энэ бүхэн болоогүй байсан бол ямар ирээдүй хүлээж байх байсан бол?
-Хиагтыг чөлөөлөх тулалдаанаар хувьсгалын галыг асааж Нийслэл хүрээ, баруун хязгаар, зүүн хязгаар нутгийг гадаадын цэргийн хүчнүүдээс чөлөөлөн дарлагдан зовж байсан ард түмэндээ шинэ цагийн эхлэлийг авчирсан билээ. Монголын зэвсэгт хүчний гүйцэтгэсэн үүргийг зөвхөн байлдаан тулалдаанаар хэмжин үзэж болохгүй юм. Байлдааны ажиллагаанаас гадна улс орны нийгмийн амьдралд хэрэгтэй олон зуун боловсон хүчин зэвсэгт хүчнээс төрөн гарсан билээ.
Монголын нийгмийн 1930-1940-д оны төр нийгмийн зүтгэлтнүүдийн ихэнх нь зэвсэгт хүчнээс төрөн гарсан. Тиймдээ ч Монголын нийгмийн оюун санааны чиглүүлэгчид нь зэвсэгт хүчнийхэн байсан юм. Монголын зэвсэгт хүчин тухайн үед гайхамшигтай ялалтыг байгуулж чадаагүй бол бидний тусгаар тогтнолын асуудал магадгүй хагас зуун жилээр хойшлогдох байсныг үгүйсгэх аргагүй юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН