Дэлхий

Хаалттай хаалганы цаана Путин, Байден нар 2 цаг ярилцав

Нийтэлсэн

ОХУ-аас Украин руу халдахаас сэрэмжлэн АНУ нь “хүчтэй хариу арга хэмжээ” бэлдэж байна гэж Цагаан ордноос хоёр орны төрийн тэргүүн нарын цахим уулзалтын дараа мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нарын цахим уулзалт АНУ-ын зүүн эргийн цагаар өчигдөр 10:07 цагт /Москвагийн цагаар 18:07 цагт/ эхлэв. Цахим уулзалтын эхэнд Байден Украины хилийн ойролцоо ОХУ-аас цэргийн хүчээ төвлөрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлэн, хариу эдийн засгийн болон бусад арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлжээ. Тодруулбал, АНУ-ын зүгээс Оросын эрчим хүчний том төсөл болох Хойд урсгал-2 байгалийн хийн хоолойг зогсоож, дэлхийн банкуудын хооронд мөнгөн гуйвуулга хийгддэг SWIFT системээс Москваг хасах зэрэг эдийн засагт хүчтэй нөлөөлөх арга хэмжээнүүдийг авахаар сүрдүүлсэн байна.

Үүний хариуд Владимир Путин хэлэхдээ “ОХУ нь Украин руу дайрахгүй” гэсэн байна. Мөн Путины зүгээс Украинаас удаа дараа өдөөн хатгалга хийж байгааг буруутган, Умард Атлантын цэргийн эвсэл /NATO/ зүүн зүгт хүрээгээ тэлж, ОХУ-ын хилийн ойролцоо тулааны зэвсэг байршуулахгүй гэх баталгааг Байденаас шаарджээ.

Оросын Тасс агентлагт мэдээлснээр төрийн тэргүүн нарын цахим уулзалт нь хакерын дайралтаас сэргийлэн өмнөх захиргааны үед өндөр хамгаалалттайгаар бүтээгдсэн ч  ашиглаж байгаагүй сүлжээг ашигласан байна. Цахим уулзалтын нээлтийн хэдэн минутын бичлэгт Байден, Путин нар найрсаг мэндчилгээгээр эхэлжээ. Удалгүй цахим уулзалт хаалттай горимд шилжиж, хоёр цаг үргэлжилсэн байна. Путин Оросын өмнөд хэсгийн Сочи хот дахь сууцнаасаа цахим уулзалтад холбогджээ.

Цахим уулзалтын дараа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Сулливан сэтгүүлчдэд хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байден Путины нүд рүү эгцэлж харж байгаад “Бид өмнө нь 2014 онд хийх ёстой байсан хийгээгүй зүйлээ одоо бэлтгэсэн” гэж хэлснийг онцолжээ. Энэ нь 2014 онд Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэн үйл явдлыг хэлж байгаа юм. Өдгөө ОХУ нь 175 мянган цэрэг, армийн техник хэрэгслээ Украины хилийн дагуу байршуулсан нь хэзээ мөдгүй дайралт хийхэд бэлэн байгааг АНУ-ын тагнуулын албаныхан мэдээлсэн. “Уулзалтын үеэр хоёр орны төрийн нар асуудалд өгөө аваатай хандсан ч Байден ерөнхийлөгч АНУ-ын байр суурийг бүх асуудалд доторхой илэрхийлсэн” гэдгийг Жейк Сулливан онцолжээ. Тухайлбал, АНУ нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах амлалтдаа бат зогсоно гэдгийг илэрхийлжээ.

Улмаар ОХУ нь Украин руу дайрсан нөхцөлд АНУ болон Европын холбоотнууд нь Москвагийн эсрэг эдийн засгийн хүчтэй арга хэмжээ авахыг Байден анхааруулсан аж. Түүнчлэн Украины батлан хамгаалах чадамжийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас нэмэлтээр техник хэрэгсэл нийлүүлэхээс гадна NATO-гийн зүүн хэсгийн холбоотнууд бэлэн байдалд байх тухай Жейк Сулливан мэдэгджээ.

Үүний зэрэгцээ тэрбээр “АНУ болон Европын холбоотнуудын зүгээс зөрчлийг намжаахы тулд өргөн хүрээнд ОХУ болон Москвагийн стратегийн санаа зовниж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Бид хүйтэн дайны эгзэгтэй үед ч амжилттайгаар хэлэлцээг хийж ирсэн” гэсэн байна. Уулзалтын үеэр хоёр тал ОХУ-АНУ-ын стратегийн тогтвортой байдал, цахим аюулгүй байдал зэргийг хөндсөнөөс гадна Ираны цөмийн хөтөлбөр зэрэг бүс нутгийн хэмжээний асуудлуудыг ч авч хэлэлцжээ. Байден, Путин нар сүүлд өнгөрсөн зургадугаар сард Женевт болсон чуулга уулзалтын үеэр биечлэн уулзсан бол өнгөрсөн долдугаар сард утсаар ярьсан байв.

Путинтэй хийсэн уулзалтын дараа Байден Мягмар гаригийн үдээс хойш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркель, Италийн ерөнхий сайд Марио Драгхи, Их Британийн засгийн газрын тэргүүн Борис Жонсон нартай уулзжээ.

Энэ уулзалт нь Германы канцлер Ангела Меркельтэй хийсэн холбоотнуудын сүүлчийн уулзалт юм. Өнөөдрөөс Ангела Меркелийн оронд Олаф Шольц Германы канцлерийн суудлыг залгамжлаж байна. Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй маргааш утсаар ярихаар төлөвлөжээ.

Exit mobile version