Дэлхий

Оросууд Горбачевыг Сталинаас илүү үзэн яддаг нь судалгаанаас харагджээ

Нийтэлсэн

Зөвлөлт Холбоот Улс задарсны 30 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын төрийн өмчит ВЦИОМ (олон нийтийн санал бодлыг тандах төв)-оос тус улсын иргэдийн дунд судалгаа явуулжээ.

Уг судалгааны зорилго нь Зөвлөлтийн үеийн хамгийн их хайр хүндлэл хүлээсэн болон хамгийн их үзэн ядагдсан хүмүүсийг тодруулах байв.

Нийтдээ 1,600 хүнээс авсан судалгаагаар сансрын нисгэгч Юрий Гагарин иргэдийн хамгийн их хайр хүндлэлийг хүлээсэн Зөвлөлтийн иргэн болсон байна. Харин судалгаанд оролцогчдын 20 хувь нь Михайл Горбачевыг оросуудад хамгийн их үзэн ядагдсан хүнээр тодруулжээ.

Горбачев нь 1985-1991 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсын сүүлчийн төрийн тэргүүн байсан юм. Түүний гүйцэтгэсэн түүхэн үүргийг дэлхий дахинд өндрөөр үнэлдэг. Гэтэл эх оронд нь ингэж үздэггүйг дээрх судалгааны үр дүн харуулсан байна.

Горбачевын дараа 11 хувьтай Иосиф Сталин удаалсан бол араас нь түүний нууц цагдаагийн газрын тэргүүн агсан Лаврентий Берия, Сталиныг залгамжилсан Никита Хрущев нар бичигджээ.

ЗХУ-ыг 1924-1953 онд удирдаж байсан Сталиныг 25 хүртэл насны оросуудын 19 хувь нь үзэн яддагаа илэрхийлсэн нь бусад насны бүлгүүдийн дотроос хамгийн өндөр хувь болсон байна.

Гэхдээ түүнийг судалгаанд оролцогчдын 20 хувь нь Зөвлөлтийн үеийн хамгийн нэр хүндтэй хүнээр нэрлэжээ. Сталинд оросууд хуваагдмал байр сууринаас ханддаг нь эндээс харагдаж байна. Хүн амын зарим хэсэг нь түүнийг эх орны дайны баатар гэж үздэг бол нөгөө хэсэг нь цуст дарангуйлагч гэж үздэг.

Зөвлөлтийн үеийн бусад алдартнуудын авсан эерэг саналыг Сталиныхтай харьцуулбал Гагарин 41 хувь, маршал Георгий Жуков 22 хувь, Зөвлөлтийн удирдагч агсан Леонид Брежнев 9 хувийн санал авчээ.

Эх сурвалж: Russia Today

Exit mobile version