Нийгэм

НҮБ: Монгол Улс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах шаардлагатай

Нийтэлсэн

Жендерт суурилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой хуулиудыг батлахад Монгол Улс дорвитой ахиц гаргаж байгааг НҮБ-ын хүний эрхийн шинжээч сайшааж, эдгээр хуулиудыг орон даяар үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна хэмээжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, жендерийн эрх тэгш байдал, хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой олон хууль батлагдаж, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах хууль эрхзүйн орчныг бүрдүүлснийг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг асуудлаарх Тусгай илтгэгч Рийм Алсалем Монгол Улсад хийсэн айлчлалынхаа төгсгөлд мэдэгдлээ.

Тэрбээр, Хууль эрх зүйн орчныг шинэчлэн батлахын зэрэгцээ үндэсний хууль дүрмийг олон улсын стандарттай нийцүүлэх шаардлага мөн тавигдана. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд орон байр, нэг цэгийн үйлчилгээний төв, хамтарсан багийн үйлчилгээ үзүүлэх зэргээр үе шаттайгаар өргөжин тэлж байна. Гэсэн хэдий ч алслагдсан газар нутаг, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд хүрэх хүртээмж, хангамжийг сайжруулах шаардлагатай. Эдгээр үйлчилгээгээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд чиглэсэн жендерийн мэдрэмжтэй арга хэмжээг дэмжих шаардлагатай байгааг шинжээч Алсалем хэллээ.

Одоогийн байдлаар үйлчилгээ үзүүлэгчид, ялангуяа төрийн байгууллагынхан хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүдтэй холбоотой үйл ажиллагааг илүү гэр бүлтэй холбоотой ерөнхий хүрээнд багтаах, эсвэл хүүхдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаатай нэгтгэж байгааг мөн онцолжээ.
Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүний наймааны хохирогчид, ЛГБТИ нийгэмлэгийн гишүүд, бэлгийн ажил эрхлэгчид гэх мэт эмзэг бүлгүүдийг хамруулсан, тэдэнд хүрэх чиглэлээр бодлого, үйлчилгээг ил тодоор илэрхийлж, цар хүрээг нь илүү тэлэхийг уриалсан байна.

Үйлчилгээ үзүүлэгчид, хууль сахиулах байгууллага, шударга ёсны тогтолцоо нь бүх бүлгийн охид, эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагад хариу үзүүлж, зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бүх төрлийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг мөн нэмж хэлжээ.

Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хэвийнд тооцдог, хохирогчдыг буруутгадаг хэвшмэл ойлголтоос татгалзах хэрэгтэй байна. Эдгээр арга хэмжээг авахын тулд зоригтой, зорилготой кампанит ажлууд буюу хүний эрхийн тухай боловсрол олгох, хүчирхийллийн гол эх үүсвэр болсон архидалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэн шаардлагатайг шинжээч онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Тусгай илтгэгч Алсалем 10 хоногийн айлчлалынхаа үеэр Засгийн газар, УИХ-ын гишүүд, Дээд шүүх, төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хандивлагчид, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй хүчирхийлэлд өртсөн хохирогчдын төлөөлөлтэй мөн уулзсан байна.

Тусгай илтгэгч Алсалем 2022 оны 6-р сард өөрийн эцсийн тайлан мэдээгээ Хүний Эрхийн Зөвлөлд танилцуулах юм байна. Рийм Алсалем нь (Йордан) 2021 оны долоодугаар сард НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс үндэсний болоод олон улсын түвшинд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, үр дагаврыг бууруулах арга зам, заавар зөвлөмжийг хүргүүлэх тусгай илтгэгчээр томилогджээ. Тэрбээр Египетийн Каиро дахь Америкийн их сургуульд Олон улсын харилцааны магистр (2001), Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Оксфордын Их Сургуульд Хүний эрхийн хуулийн магистр (2003) зэргийг тус тус горилсон байна.

Рийм Алсалем нь жендэрийн асуудал, дүрвэгсэд, цагаачдын эрх, шилжилтийн үеийн шударга ёс, хүмүүнлэгийн хариу арга хэмжээний асуудлаар мэргэшсэн бие даасан зөвлөх юм.

НҮБ-ын Тусгай илтгэгчид Хүний Эрхийн Зөвлөлийн Тусгай журам гэж нэрлэгддэг үйл ажиллагааны нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн тогтолцооны бие даасан шинжээчдийн хамгийн том байгууллага болох Тусгай журмын байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд тодорхой нэг улс орны нөхцөл байдал эсвэл сэдэвчилсэн асуудлуудыг шийдвэрлэхэд оролцдог Хүний эрхийн Зөвлөлд бие даасан баримт илрүүлж, хянадаг механизмын ерөнхий нэр юм. Тусгай журмын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр ажилладаг; Тэд НҮБ-ын ажилтан биш бөгөөд ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй, мөн аливаа төр, байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар үйлчилдэг зөвлөхүүд юм.

НҮБ-ын Хүний эрхийн, тус улс дахь хуудас: UN Human Rights, country page: Mongolia

Exit mobile version