Дэлхий

900 ажилтнаа халах шийдвэрийг Zoom хурлаар зарласан захирал өөрөө ажлаа түр завсарлахаар болжээ

Нийтэлсэн

АНУ-ын онлайн моргэйж үйлчилгээний Better.com компанийн гүйцэтгэх захирал Вишал Гарг өнгөрсөн долоо хоногт 900 ажилтнаа халах шийдвэрийг Zoom хурлаар зарласан нь дэлхий даяар шуугиан тарьсан билээ.

Тэрбээр энэхүү мэдэгдэлдээ “Хэрвээ чи энэ видео дуудлагыг хүлээж авсан бол ажлаас халагдах азгүйчүүдийн нэг болсон гэсэн үг” хэмээн хэлж байв. Гаргийн мэдэгдлийн видео бичлэг сошиал сүлжээнд нийтлэгдсэнээр маш олон хүн түүний харгис, хүнлэг бус үйлдлийг шүүмжилцгээж эхэлсэн юм.

Гарг бас мэдэгдэлдээ халагдсан ажилтнуудын 250 орчим нь өдөрт ердөө хоёр цаг ажиллаад найман цагийн үнэлгээгээр цалин хөлсөө авдаг байсныг “хулгай” гэж үзэж байгаагаа тайлбарлаж байжээ.

Сүүлд Гарг ажлаас халах шийдвэрийг зарлахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажилтнуудаасаа уучлал гуйсан ч дуулиан намжаагүй юм.

10,000 орчим ажилтантай Better.com нь $6 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй, хүмүүсийн орон сууц худалдаж авах үйл явцыг илүү хурдан, хялбар болгох чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Вишал Гарг ажлаасаа түр хөндийрөх шийдвэрийг ажилтнууддаа зарласан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

“Сүүлийн долоо хоногийн турш үргэлжилсэн харамсалтай үйл явдлуудын дараа компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг санхүү эрхэлсэн дэд захирал Кэвин Райанд түр шилжүүлж, компанийн удирдлагын арга барил, байгууллагын тогтсон соёлыг үнэлж цэгнэх ажлыг хараат бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр боллоо” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Арванхоёрдугаар сарын 1-нд Zoom холбоогоор зохион байгуулсан хурлын дараа тус компанийн дотоодод бас хямрал үүсэж, маркетинг, Пиар, олон нийттэй харилцах албаны гол мэргэжилтнүүд нь сайн дураар ажлаа хүлээлгэж өгсөн тухай зарим эрх сурвалжууд мэдээлж байжээ.

Мөн олон хүнийг ажлаас зэрэг халахдаа Вишал Гарг хөдөлмөрийн зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй тул нэгэн хуулийн фирм шүүхэд хандахаар судалж байгаагаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version