Дэлхий
Камбожийн ерөнхий сайд АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийг хурааж, устгах тушаалыг армийн удирдлагууддаа өгчээ
Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа Камбож улсад зэр зэвсэг нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан нь тус улсын хүний эрх, авлигын нөхцөл байдалд санаа зовсны илэрхийлэл болсон юм. Мөн АНУ-ын гол өрсөлдөгч Хятад улстай ойр түншилж байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.
Харин Баасан гарагт Камбожийн ерөнхий сайд Хун Сен хариу арга хэмжээ авч, АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгээс татгалзах, хурааж устгах тушаалыг армийнхаа удирдлагуудад өгчээ.
“Одоо ашиглагдаж байгаа зэр зэвсгийн нөөцөө яаралтай эргэж харах тушаалыг би армийн бүх анги, нэгтгэлүүдэд өглөө. Хэрвээ бидэнд АНУ-д үйлдвэрлэсэн ямар нэг зэвсэг техник байгаа бол бүгдийг нь агуулахад буцааж хураах, эсвэл устгах хэрэгтэй” гэж Хун Сен өөрийн сошиал хуудсанд бичсэн байна.
Тэрбээр цааш нь бичихдээ “Хэрвээ батлан хамгаалах салбараа бусдаас хараат бус байлгахыг хүсэж байгаа бол АНУ-ын зэвсгийг огт хэрэглэхгүй байх ёстой гэсэн сургамжийг энэ үйл явдал Камбожийн дараа дараагийн засгийн газарт өглөө. Америк зэвсэг техник хэрэглэдэг маш олон улс дайнд ялагдаж байсан” гэж бичжээ. Сүүлийн өгүүлбэртээ тэр Афганистаныг жишээ татсан нь тодорхой байна.
Арваннэгдүгээр сард Вашингтоны засаг захиргаа АНУ-ын санхүүжилттэй байгуулсан тэнгисийн цэргийн баазтай холбоотой Камбожийн хоёр албан тушаалтныг авлигын хэрэгт буруутгаж, визний хар жагсаалтдаа оруулж байжээ.
Тайландын буланд оршдог Сихануквил баазыг сүүлийн жилүүдэд Хун Сений засгийн газар Хятадын зэвсэгт хүчинд ашиглуулж байж болзошгүй болсон нь Америк-Камбожийн харилцаанд сэв суулгаад байгаа.
Хятадын цэргийг тус баазад байрлуулах төлөвлөгөөгүй гэдгээ Хун Сен олон удаа мэдэгдэж байжээ. Гэвч Вашингтоны эрх баригчид түүний үгэнд эргэлзэж байгаа. 1998 оноос хойш Камбожийн ерөнхий сайдаар тасралтгүй ажиллаж буй Хун Сен нь Ази тив дэх Хятадын хамгийн ойрын түншүүдийн нэгд тооцогддог юм.
Эх сурвалж: AFP